Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар санал
Эрдэс-түүхий
эдийн хөрөнгө оруулалтын орчин болон Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар
Улам бүр даяаршиж буй олон улсын бизнесийн орчинд улс
үндэстэн бүр харьцангуй давуу тал, өрсөлдөх чадвар, хуулийн таатай орчноороо
шинэ хөрөнгө оруулалтийг уриалан дуудаж уралдан хөгжиж байна.
Энэхүү уралдаанд оролцогч Монгол Улсын хувьд
харьцангуй давуу тал нь уул уурхайн арвин баялаг нөөц юм. Өөрөөр хэлбэл
Монголын ашигт малтмалын баялаг л гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж
байна.
2012 оны байдлаар дэлхийн 4 улс тутамын нэг нь уул
уурхайн салбараас экспорт болон эдийн засгаа тэтгэх бүтэцтэй болсон байна.[1]
Тиймээс Монгол улс дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд 50 гаруй улс орнуудтай
уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр
өрсөлдөж байна гэж ойлгож болно. Ийнхүү өрсөлдөхдөө тогтвортой байдал, татварын
ачаалал гэсэн 2 үндсэн үзүүлэлтийг харгалзан үздэг. (мэдээж бусад үзүүлэлтүүд
бий)
Тогтвортой
байдалд улс төр, эдийн засаг, хууль
эрх зүй, нийгмийн өргөн хүрээг хамарсан тогтвортой байдлыг авч үздэг бөгөөд
эдгээрийн зарим үзүүлэлтээр манай улс сүүлийн жилүүдэд сүүлийн эгнээнд багтах
болсон. Монгол Улсын гадаад хөрөнгө оруулалтыг татахад тогтвортой байдлыг
хангах нь зөвхөн татварын тогтвортой байдлаар хязгаарлагдахгүй нэлээд өргөн
хүрээтэй асуудал юм. Ялангуяа нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг
хамарч буй уул уурхайн салбарыг зохицуулах Ашигт малтмалын хуулийг шинэчлэн
найруулах ажил 3 жил үргэлжилж байгаа нь нийт гадаад хөрөнгө оруулалт буурахад
голчлон нөлөөлжээ.
Татварын
ачааллыг, уул уурхайн компануудаас
төсөвт төвлөрүүлсэн нийт татварын орлогыг уул уурхайн салбарын татварын өмнөх
ашигт харьцуулан тооцдог (average effective tax rate) бөгөөд манай улсын хувьд
ойролцоогоор 45-50% байна. Монгол улс Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
хувь хэмжээний хувьд дэлхийд бага татвартайд тооцогдож байгаа боловч уул
уурхайн салбарын татварын ачааллын хувьд дундажаас нэлээн дээгүүр байна. Учир
нь а) Монгол улс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний экспортыг дэмжих бодлогын
үүднээс уул уурхайн салбарыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөнтэй
холбоотойгоор тухайн компаниуд худалдан авалтдаа төлсөн Нэмэгдсэн өртгийн албан
татвараа хасах боломжгүй болж татварын ачаалал нэмэгдсэн б) нөөцийн төлбөрийг
цэвэр борлуулалтаас бус нийт борлуулалтаас тооцдог, мөн өсөн нэмэгдэх нөөцийн
төлбөр ногдуулдагтай холбоотой.
Хөрөнгө
оруулалтын хуулийн төсөлд уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтын орчныг хэр
оновчтой тусгасан бэ
Манай улсад орж буй гадаадын хөрөнгө оруулалтын 80
орчим хувь нь уул уурхайн салбарт орж ирж байгаа учраас гадаадын хөрөнгө
оруулалтын эрх зүйн орчныг шинэчилэх асуудлын 80 хувь нь уул уурхайн салбартай
шууд холбоотой гэсэн үг юм.
Уг хуулийн төслөөр 15 тэрбум төгрөг буюу 9 орчим сая
ам.доллараас дээш хэмжээний хөрөнгө оруулалтын орчныг 10 хүртэл жилийн
хугацаанд тогтворжуулахаар заасан нь бага хэмжээтэй гадаад хөрөнгө оруулалтын
төслүүдэд татварын тогтвортой орчныг бий болгох хэдий ч уул уурхайн салбарын
хөрөнгө оруулалтын төслүүдэд хангалттай тогтворжуулалт болохгүй байх талтай.
Уул уурхайн төслүүд нь а) эхний хөрөнгө оруулалт их
шаарддаг б) төслийн ашиглалтын үргэлжлэх хугацаа хэдэн арван жилээр үргэлжилдэг
в) төслийн барьж байгуулах хугацаа нь бусад салбартай харьцуулахад урт байдаг
г) хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь урт байдаг зэрэг онцлог шинжээрээ бусад
салбарын хөрөнгө оруулалтаас ялгаатай байдаг.
Эхний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг
ихэвчилэн олон улсын банк, санхүүгийн байгууллагаас босгох шаардлагатай болдог.
Зээл олгох банкууд нэн тэргүүнд тогтвортой байдлыг авч үздэг бөгөөд төслийн
хөрөнгө оруулалтаа нөхөх хүртэл хугацаанд эрх зүйн хувьд тогтвортой байдал нь
хангагдсан байхыг шаарддаг. Энэ шаардлага хангагдсанаар уг зээлийн баталгаа,
барьцаа нь баталгааждаг байна. Эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь зах
зээлийн эрэлт нийлүүлэлт үнэ зэрэг олон хүчин зүйлээс хамаарч өөрчлөгдөж байдаг
тул уул уурхайн салбарт эхний хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 10 жил
хангалттай гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Иймд 5-10 тэрбум ам долларын эхний хөрөнгө оруулалт
шаардсан, 50-80 жил үргэлжлэх уул уурхайн томоохон төслүүдийн хувьд дээд тал нь
10 жилийн тогтвортой байдлын баталгаа олгохоор хуульчилбал тэдгээр төслүүдэд
санхүүжилт босгоход хүндрэлтэй болж улмаар үүнээс шалтгаалан уул уурхайн
томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтгүй болох эрсдэл үүсч болзошгүй. Иймд
томоохон гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдэд (хэрэв дотоод хөрөнгө оруулагчид
ийм хэмжээний санхүүжилт өөрсдөө босгоод оруулаад ирвэл мөн адилхан авч үзэх)
тусгайлсан бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм. Эдгээр томоохон хөрөнгө
оруулагчдыг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирдэг гэдгийг анхаарах хэрэгтэй
болов уу. Энэхүү тусгайлсан бодлогод зөвхөн татварын асуудал бус дээр
дурдсан бусад асуудлыг цогцоор нь зохицуулах шаардлагатай.
Дүгнээд хэлбэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа
гадаадын хөрөнгө оруулалтын хуульд Гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр
тогтоож өгөөд томоохон хөрөнгө оруулагчдад чиглэсэн бодлогоо Ашигт малтмалын
хуулийн шинэчилсэн найруулагатай уялдуулан, бусад эрдэс-түүхий эд олборлогч
орнуудын хөрөнгө оруулалтын орчинтой өрсөлдөхүйц хэмжээнд татварын болон бусад
хөшүүргээр дэмжих чиглэлээр тусган шинэчилэн найруулах нь зүйтэй болов уу.
Манай улс уул уурхайн өрсөлдөх чадвараараа, татварын
ачааллаараа бусад эрдэс-түүхий эдийн эдийн засагтай улс орнуудтай харьцуулахад
хаана нь явааг иж бүрэн судалсаны үндсэн дээр бид одоо хаана байна, цаашид
хэрхэн өрсөлдөх вэ гэдгээ шийдэх хэрэгтэй болов уу. Одоогоор ийм судалгаа
хийсэн талаар мэдээ, мэдээлэл сонсогдоогүй. Хугацаа алдалгүй хийх л хэрэгтэй
байна.
Монгол
улс яагаад Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой юм бэ? Гадаадын хөрөнгө
оруулалтгүй бол ямар байдалд хүрэх вэ?
Хүн болгон аль болох хурдан хугацаанд амьдралаа
сайжруулж, ихээхэн орлоготой болж хөгжихийг хүсч байдгийн адилаар улс орон бүр
улам бүр хурдан хөгжихийн тулд бүх бодлогоо чиглүүлж байдаг. Улс орны хувьд
хурдан хөгжихийн тулд мэдээж дотоод үйлдвэрлэлээ хөгжүүлж экспортлон орлогоо
нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд чухалчилахаас гадна бусад улсаас илүү хурдан хөгжих
үндсэн нөхцөл нь гадаадын хөрөнгө оруулалтыг өөртөө татах замаар эдийн засгийн
эргэлтийг хурдасгах “шар тос”-ыг нэмэгдүүлэх нь юу юунаас чухал юм. Ийм ч
учраас дэлхийд тэргүүлэгч гүрнүүд болох Канад, Сингапур зэрэг улсын хувьд ч мөн
адил гадаадын хөрөнгө оруулалтыг урих, тэдэнд таатай нөхцлийг олгох бодлогыг
маш эрчимтэй хэрэгжүүлдэг байна. Хэрэв гадаадын хөрөнгө оруулалтгүй болвол яах
вэ? Маш товчхон бөгөөд тодорхой хариулт нь “тэгвэл яваандаа Хойд Солонгос улс
шиг л болно”. Харин асуудалд илүү бодитой хандах үүднээс хэрэв Монгол Улс
өнөөгийн бодлогоо үргэлжлүүлэн гадаадын хөрөнгө оруулалтын орчныг
сайжруулахгүй, царцаасан хэвээр байлгавал яах вэ гэдэг асуултад хариулах нь
зүйтэй. Энэ тохиолдолд төгрөгийн ханш үргэлжлэн хүчтэй суларч, инфляци нэмэгдэн
эдийн засгийн хямралт байдалд орж эхэлнэ.
Гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол улсын хувьд
эрсдэлгүй санхүүжилтийн эх үүсвэр юм. Иймд тодорхой хэмжээний томоохон (дор
хаяж 500 сая ам.доллар гм) гадаадын хөрөнгө оруулалтыг оруулаад ирвэл
тогтвортой, таатай татварын орчинг бий болгодог дэлхий нийтийн хандлагыг сөрөх
биш дагах нь зүйтэй болов уу. Гэхдээ хэрэв дотоодын хөрөнгө оруулагчид өөрсдөө
гаднаас томоохон хэмжээний (дор хаяж 500 сая ам.доллар гм) санхүүжилт босгоод
ирвэл тэрхүү тогтвортой, таатай татварын боломжийг эдлэх бололцоог хангаж өгөх
л хэрэгтэй.
Миний бодлоор сүүлийн жилүүдэд манай хууль эрх зүй,
татварын болон бусад орчин хэт тогтворгүй байснаас гадаад гэлтгүй дотоодын
хөрөнгө оруулагчид ч гэсэн тогтвортой байдлын гэрээтэй болохыг хүсэмжлэх
болжээ. Иймд дотоодын аж ахуйн нэгжүүдэд тогтвортой байдлын гэрчилгээ олгож
байхын оронд хууль эрх зүй, татварын болон бусад орчин хэт тогтвортой байлгах
арга хэмжээ авах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
Post a Comment