Хятад улсын газрын тосны стратеги, түүний хандлага

by in 0





ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ


2003 оны 5 дугаар
сарын 5-ний өдөр                              Дугаар                                                Бээжин хот



Хятад улсын газрын тосны стратеги, түүний хандлага

Өнөөгийн Хятад орны хөгжлийн түвшин дээшлэхтэй зэрэгцэн өндөр хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй эрчим хүчний асар их эрэлт  хэрэгцээг хэрхэн найдвартай хангах вэ? гэдэг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь зөвхөн Хятад улсын өмнө тулгамдаад зогсохгүй Ази номхон далайн бүс нутгийн орнууд болоод дэлхийн их гүрнүүдийн анхаарлын төвд байна.
Хэдийгээр Хятад улсын эрчим хүчний голлох хэрэглээ нүүрсэнд түшиглэсэн хэвээр байх боловч стратегийн түлш болох газрын тосны импорт нь Хятадын эрх баригчдын байнгын анхааралд байдаг хамгаас чухал асуудал юм.
1993 оноос Хятад улс нь гадаад худалдааны цэвэр дүнгээрээ газрын тосны импортлогч орон болсон бөгөөд тус улсын газрын тосны импорт нь бүс нутаг болоод дэлхийн эрчим хүч, худалдаа, санхүүгийн урсгалд хүчтэй нөлөө үзүүлсээр ирсэн.
Хятад улс газрын тосны хэрэглээгээрээ АНУ, Японы дараа буюу дэлхийд гуравт орж байна. Хятад улсын эрчим хүчний хэрэглээний багцад газрын тосны эзлэх хэмжээ одоогоор 25% байгаа бол 2005 он гэхэд 30-35%, 2010 гэхэд 45%-д хүрэх юм. Хятад улсын газрын тосны хэрэглээ 2000 онд өдөрт 4.78 сая баррель байсан бол 2002 онд 4.9 сая баррелийг хэрэглсэн байна. 2010 гэхэд өөрийн газрын тосны хэрэгцээний тал хувийг буюу өдөрт 3-4 сая баррель нефть импортлох зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа учираас Хятад улс газрын тосны асуудалд ихээхэн анхааралтай хандах болсон. Монгол улс өдөрт ойрлцоогоор 7-9 мянган баррель нефть бүтээгдэхүүн хэрэглэдэг байна. 1 
Хятад улс огт газрын тосны нөөцгүй улс биш юм. 1980-аад онд Хятад улс нь газрын тос экспортлогч орон байсан бөгөөд тухайн үеийн үндсэн 3 том орд болох Дацин, Шэнгли Лиахэгийн нөөц одоогоор маш багассан байна.
Одоогоор Хятад улс дотооддоо газрын тос олборлох хамгийн чухалд тооцогдох эх үүсвэрүүд нь хятадын баруун хэсэг дэх Шинжаан мужийн газрын тосны орд газар, Зүүн хятадын тэнгис орчмын далайн ёроолын газрын тосны орд тооцогдож байна. Шинжааны сав газар дахь Тарим, Жунгар болон Ту-Ха ордууд нь олборлоход уул геологийн хүндрэлтэй, олборлолтын орчин үеийн технологи шаардлагатайн улмаас үйлдвэрлэлийн зардлыг үлэмж ихэсгэж, хөрөнгө оруулалтын хувьд эрсдэлтэйд тооцогдож байгаа юм.
Зүүн хятадын тэнгис орчмын далайн ёроолын газрын тосны ордын олборлолтын зардал Хятадын аль ч газрын гүний ордын олборлолтын зардлаас хавьгүй илүү байгаа учраас үйлдвэрлэлийн хувьд үр ашиггүйд тооцогдож байгаа бөгөөд хятадын нийт газрын тосны олборлолтын 10 гаруй хувийг далайн ёроолын газрын тос эзэлж байна.
Хятад Вьетнам улсуудын усан хилийн ойролцоох Бэибу-ийн булангын эзэмшлийн талаарх маргааныг 2 улс 2000 оны 12 дугаар сард шийдвэрлсэнээр тэнд буй газрын тос, байгалийн хийн орд газрыг ашиглах боломж нээгдсэн. Зүүн хятадын тэнгис дэх Спратлигийн арлууд (The Spratly Islands) газрын тос, байгалийн хийн нөөцтэйд тооцогдож байгаа боловч уг арлууд нь хил залгаа хэд хэдэн улсын дунд газар нутгийн маргаантай байгаа.
Хятад улс 1995 оноос эхлэн газрын тос олборлолтын хүрээгээ газар зүйн хувьд нэлээд өргөжүүлж Ирак, Венесуэльд нөөц ихтэй орд, Перу, Канад, АНУ-д дунд зэргийн нөөцтэй орд газруудыг ашиглах эрхийг худалдан авч одоогоор олборлож байна. CNPC компани Казахстан, Судан, Иран, Перу, Азербайжан зэрэг улсуудад концессын эрх аван үйл ажиллагаа явуулж байна. Тус компани мөн Казахстан улсын газрын тосны Актобемунайгаз үйлдвэрийн хувьцааны 60%-ийг тус үйлдвэрт томоохон хөрөнгө оруулалт хийх нөхцөлтэйгээр худалдаж авчээ. 
Хятад улс газрын тосны импортын талаар шинэ стратеги боловсруулж хэрэгжүүлсний дотор газрын тосны импортын талаар чанд бодлого явуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахуйц, санхүүгийн чадвар сайтай хүчирхэг газрын тосны компаниудыг байгуулсан. Энэ арга хэмжээний хүрээнд CNPC –Хятадын үндэсний газрын тосны корпораци, CNOOC – Хятадын үндэсний далайн гүний газрын тосны корпораци, SINOPEC – Хятадын үндэсний газрын тос, химийн үйлдвэрийн корпораци зэрэг улсын өмчит гурван том компанийг ЗГ-ын яамны зиндаанд үйл ажиллагаагаа явуулах эрхтэйгээр байгуулж Улсын эдийн засаг худалдааны хороонд шууд харьяалуулсан. Эдгээр нь яамны түвшингийн компанууд тул гадаад улсад газрын тосны үйл ажиллагаа явуулах эрх болон түрээслэх эрх худалдан авах, гадаадад газрын тос олборлох охин компани байгуулах эрхтэй юм. Дээрхи компануудын үйл ажиллагаа явуулах бүс нутгийг газар зүйн хувьд хуваасан бөгөөд CNPC компани нь өрнөд болон умардад, SINOPEC компани нь өмнөдөд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Статистик тоо аваад үзвэл 1993 оноос Хятад улсын газрын тосны импорт жилд дундажаар 9.1 хувиар нэмэгдэж иржээ. Харин 1998 онд Азийн санхүүгийн хямралтай холбоотойгоор газрын тосны импорт нэлээд багасч нийт хэрэгцээнийхээ 15 %-ийг импортлосон байна. Хэдийгээр Хятад улс газрын тосны томоохон импортлогч боловч Дацингийн үйлдвэрээс өдөрт 50 мянган баррел нефтийг шууд Япон улсад цахилгаан станцын түлшинд зориулан экспортолсоор байна. 
Хятад улсын газрын тос импортын голлох түншүүдэд Оман, Иемэн, Иран, Саудын Араб, Орос, Индонези болон Ангол зэрэг улсууд багтаж байна. Хятад улс нийт импортлож буй газрын тосны 50 %-ийг Ойрхи дорнодоос авч байгаа бол уг хэмжээ 2010 гэхэд 80 ба түүнээс дээш хувьд хүрэхээр байна. АНУ стратегийн ноёрхолоо тогтоосон Ойрхи дорнодоос газрын тосны хувьд ихээхэн хамааралтай байх нь Хятад улсын эрчим хүчний хангамжийн хувьд эмзэг асуудал юм.
Эдийн засгийн үүднээс аваад үзвэл Хятад улс газрын тосны импортоос ийнхүү улам бүр хараат болсоор байгааг тус улсын газрын тосны дотоод үйлдвэрлэлийн тааруутай холбон үзэж болох юм. Ойрхи дорнодод 1 баррель газрын тос боловсруулах дундаж зардал 2 ам.доллараас2 бага байхад Хятадад газрын тосны ордоосоо хамаараад 9 – 23 ам.доллар байна.3

Газрын тосны талаар баримталж буй Хятадын гадаад бодлого


Газрын тосны талаархи улс төрийн бодлогод хамтын ажиллагаа, зөрчилдөөн хоёр байнга зэрэгцэн оршсоор ирсэн. 
Гадаад бодлогын хувьд Хятад улс Ойрхи дорнод, Орос, Төв Ази гэсэн дэлхийн газрын тосны гурван томоохон үйлдвэрлэгч улсуудтай харилцах улс төрийн нааштай уур амьсгал бий болгоход анхаарлаа хандуулж байна. Эдгээр бүс нутаг болон улсуудтай харилцахдаа төрөл бүрийн дипломат аргуудыг ашиглаж ирсэн. Ялангуяа бусад их гүрнүүдтэй байр суурийн хувьд зөрчилтэй байдаг Иран, Ирак зэрэг улсуудад улс төр, дипломатын ерөнхий дэмжлэг үзүүлж, олон улсын байгууллага дахь өөрийн байр суурь, нөлөөгөөр тэдгээр улсуудын ашиг сонирхолыг хамгаалсаар ирсэн.
Хятад улс Иракын нутаг дэвсгэр дээр газрын тосны олборлолт явуулахаар 1997 онд Ирак улсаас худалдан авсан эрх болон авахаар сонирхож буй газрын тосны ордуудыг НҮБ-ээс Иракын эсрэг тавьсан хориг цуцлагдсан тэр цагт л ашиглаж болох юм. Ийм ч учраас дээрхи хоригийг аль болох хурдан цуцлуулах нь Хятадын эрх ашигт нийцэх бөгөөд энэ хоригийг цуцлуулах талаар Хятад улс НҮБ-д удаа дараа байр сууриа илэрхийлж байсан юм.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон санкцын асуудал эрхэлсэн НҮБ-ын бусад байгууллага дахь Хятад улсын байр суурь нь Ирактай хийсэн газрын тосны наймаанд голлох үүрэг гүйцэтгэсээр ирсэн.
Иран улс нь газар зүйн хувьд Хятад улстай ойр дөт, газрын тосны экспортод нь олон улсын ямар нэг хориг тавигдаагүй бөгөөд АНУ-тай зөрчилдөөнтэй, Орос улстай удаан хугацаанд хөндий харилцаатай явж ирсэн зэрэг хүчин зүйлүүд нь Хятад улс тус улстай стратегийн хувьд маш ойр дотно харилцах үндсэн нөхцөл болж өгдөг байна.
Хятад улсаас өөрийн газрын тосны түнш улсуудтай явуулж буй хамтын ажиллагаанд Хятад улсаас нийлүүлж буй зэвсгийн наймаа томоохон байр суурь эзэлдэг. Хятадад газрын тос нийлүүлж, мөн газрын тосоо концессоор ашиглуулж буй Ирак, Иран, Судан, Ангол, Нигер зэрэг нэлээд улсууд хятадын зэвсгийг худалдан авдаг байна.
Хятад улсаас газрын тостой холбоотойгоор явуулж буй улс төрийн идэвхитэй үйл ажиллагааг мөн Азид өөрийн байр сууриа тодруулах, хүчирхэгжүүлэхээр чармайж буй Казахстан улсын бодлогод үзүүлж буй дэмжлэг болон тус хоёр орны хооронд маргаантай байсан хилийн асуудалд аядуу, найрсагаар хандаж байгаа зэргээс харж болох юм. Ангол, Судан зэрэг улсууд өөрсдийн хөрш бусад орнуудтай зөрчилдөөнд байх үед Хятад улсаас улс төрийн болон зэвсгийн тусламж үзүүлж байсан.
Хятад улс тус бүс нутгийн хэд хэдэн улстай газар нутгийн маргаантай байдаг бөгөөд ялангуяа гидрокарбоноор баялаг Спратлийн арлуудыг Хятад, Вьетнам, Филлипин, Бруней, Тайван, Малайз зэрэг улсууд өөрсдийн мэдлийн газар нутагт тооцож маргалдсаар байна. Өөр нэг маргаан нь Зүүн хятадын тэнгисийн орчмыг Япон улс өөрийн мэдлийн усан хилд тооцож Хятадтай маргадаг байна.
Хятадын газрын тосны эрэлт хэрэгцээ эрчимтэйгээр өсөн нэмэгдэхийн хамт Ойрхи дорнодоос газрын тосны хувьд улам бүр хамааралтай болж байгаа байдлыг шийдвэрлэх хоёр гарц бол Орос (Орос улс бол дэлхий дээр хоёрдахь том  газрын тосны үйлдвэрлэгч бөгөөд байгалийн хийн хамгийн их нөөцтэй улс) болон Төв Ази бөгөөд энэ зүгт Хятад улсын гол анхаарал төвлөрч байна.
Цаг хугацаа урсан өнгөрөхтэй зэрэгцэн дэлхийн газрын тосны нийлүүлэлт мэдэгдэхүйц багасах тэр цагт Зүүн Ази дахь томоохон газрын тосны хэрэглэгчид болох Япон, Хятад зэрэг улсуудын өрсөлдөөн улам бүр ширүүсэх хандлагатай байна.  
Өнгөрсөн 3 дугаар сард хуралдсан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын 10 дахь удаагийн Чуулганы анхдугаар хуралдааны үеэр хэдэн депутатууд Хятад улсын газрын тосны стратегийн нөөц бий болгох хуулийн төсөл санаачилсан. Мөн 2003 оны эхний 2 сарын байдлаар Хятад улсын гадаад худалдаа сүүлийн 6 жилийн туршид анх удаа алдагдалтай гарсан бөгөөд үүний шалтгаан нь газрын тосны стратегийн нөөц бүрдүүлэхээр их хэмжээний нефть импортлож буйтай холбоотой юм. 

Орос-Хятадын хоорондох газрын тосны хамтын ажиллагаа


Хятад улс 1993 оноос газрын тос импортоор авч эхэлсэн үеэс ОХУ-ын Ази тивийн бүс нутагт газрын тос, байгалийн хийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг судлахаар олон олон судалгааны төслүүдийг эхлүүлсэн. Үүний дүнд хэд хэдэн аварга том ордуудад олон тооны  судалгааны ажлуудыг хийж улмаар тэргүүн ээлжинд Ангарск-Дацингийн газрын тос, Ковиткинск–Хэйлонжаны байгалийн хийн хоолойн төслүүдийг хэрэгжүүлэхээр сонгосон билээ.

Оросын Холбооны Улсын байгалийн баялаг, ашигт малтмалын арвин их нөөц болох Дорнод Сибирээс Зүүн хойд Хятадад хүрэх 2400 км урттай газрын тосны шугам хоолой тавих судалгааны ажлыг 1994 оноос эхэлж 2002 оны эцэст бүрэн дуусгасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2002 оны 12 сард Бээжинд хийсэн айлчлалын үеэр шугам хоолойн гэрээнд гарын үсэг зурахаар хятадын тал товлож байсан боловч уг гэрээний “2005 оноос жилд 20 сая тонн тос нийлүүлэх” тухай заалтад Оросын Засгийн газар баталгаа гарган өгч чадаагүй гэсэн шалтгааны улмаас гарын үсэг зурагдаагүй юм. 

Анхны боловсруулсан төслөөр уг хоолойгоор 2005 оноос эхлэн ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотоос Хятадын Хэйлонжан мужийн Дацин хот хүртэл жилдээ 20 сая тонн, 2010 оноос 30 сая тонн газрын тос хүргэхээр төлөвлөгджээ. Энэ төслийг хэрэгжүүлснээр хоёр орны худалдаа 2005 он гэхэд өнөөгийн түвшингээс хоёр дахин нэмэгдэх ажээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Оросын нефтийн шугам хоолойн монополь компани Транснефть Ангарскийн газрын тосыг алс дорнодын боомт хот Находка руу татах шинэ хувилбар гаргаж тавьсан нь өмнөх төслөөс 60 хувиар урт бөгөөд хоёр дахин илүү өртөгтэй байхаар тооцоологджээ.

Дэлхий дээрх хамгийн их газрын тос импортлогч АНУ-ын дараа ордог Япон улс Оросын нефтийг өөрийн нутаг руу татахаар хүчтэй лобби  явуулсны дүнд 2003 оны 3 дугаар сарын 14–ний өдөр Оросын засгийн газраас Ангарскийн газрын тосны хоолойг Номхон далайн эрэгт ойрхон Находка хүртэл буюу Японы зах зээл хүртэл 4000 км татаж, улмаар салбарлуулан Дацин хүргэх шийдвэрийг урьдчилсан байдлаар гаргасан байна.

Хэдийгээр хоолойг Хятад руу татах хувилбар нь хэмжээний хувьд богино, бага өртөгтэй боловч Оросууд Япон болон Азийн бусад орнууд дахь ирээдүйтэй зах зээлийг алдахгүйг хичээж байгаатай холбоотой юм. Шугам хоолойн чиглэлийг нэмэгдүүлсэн Оросын санал нь газрын тосны нөөцөөр байнга дутагдаж байдаг Японы хэрэгцээг ханган Орос-Японы хоорондох маргаантай 4 арлын асуудлыг шийдэх нааштай уур амьсгалыг бүрдүүлэхийн зэрэгцээ мөн Хятадын зах зээлд газрын тос нийлүүлэх зорилготой ажээ.

Ангарск – Дацингийн шугам баригдсан тохиолдолд хэрэглэгч нь гагцхүү Хятад улс, харин Ангарск – Находкын шугам баригдсан тохиолдолд Хятад улс нь хэд хэдэн хэрэглэгч улсуудын нэг болоход л эхний болон сүүлийн хувилбарын ялгаа байгаа юм.      

Оросын талаас Юкос хувийн компани, Хятадын талаас Хятадын үндэсний газрын тосны компани CNPC хамтран техник эдийн засгийн урьдчилсан тайланг 4 жил гаруй хугацаанд боловсруулж өнгөрсөн оны эцэс гэхэд төслийн талаар (үнэ гэх мэт) тохиролцоонд хүрсэн байжээ. Уг төслийн шугам хоолойг барих Транснефть компани Номхон далайн чиглэлийг дэвшүүлэн тавьсанаар асуудлыг дахин авч үзэхэд хүрсэн байна.

“Оросын газрын тос дамжуулах сүлжээг эзэмшдэг төрийн өмчит монополь Транснефть компани газрын тос дамжуулах сүлжээнд тавих  хяналтаа алдахгүйн тулд газрын тосны бизнес эрхэлдэг хувийн өмчит Юкос компанитай өрсөлдөж байна. Хэдийгээр Орос улсын Ерөнхийлөгч Владимир Путинд шийдвэр гаргах дээд эрх байгаа ч гэсэн Транснефть, Газпром зэрэг эрчим хүчний монополь компаниуд өөрсдөө шийдсэнээ хийдэг гэдгийг энэ байдал харууллаа” гэж Лондонд төвтэй газрын тосны олон улсын бие даасан ажиглагч Майкл Леливелд сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

“Нефтийн шугам хоолойг барих асуудлын хүрээнд бодож тунгаавал зохих их олон хүчин зүйлс байна. ОХУ-ын холбогдох яамд болон Засгийн газрын бусад эрх бүхий хүмүүс нефтийн хоолойг тавих эцсийн хувилбарыг батлах эсэхийг судлах ба эдийн засгийн үр ашиг ямар байхаас хамаарч уг төсөл өөрчлөгдөж ч болох юм” гэж ОХУ-ын Засгийн газрын тэргүүн ноён Касьяанов мэдэгдсэн.
  
Дээрхээс үзэхэд нефтийн шугам хоолойн асуудал нь манай хоёр том хөрш улсын төрийн тэргүүнүүдийн байнгын анхааралд байж гадаад бодлого, эдийн засгийн стратеги боловсруулж аливаа шийдвэр гаргахад шууд нөлөөлж улам бүр улс төрийн агуулгатай болж байна. Орос улс дэлхийн улс төрийн тавцан дахь нөлөөгөө нэмэгдүүлэхэд газрын тос хамгийн чухал хэрэглүүр болж байна. 1990-ээд оны эхэн үед ихээхэн хүнд байсан Орос улсын эдийн засаг сэргэх шатанд орсон ба сүүлийн 3 жилд эдийн засгийн цэвэр өсөлт дунджаар 6.5 хувьтай байна.

Эдийн засгийн өсөлтийн энэхүү сэргэлтийн мөчлөгт түлхэц өгсөн хүчин зүйл бол Оросын газрын тос байсан бөгөөд цаашид ч иим хандлага хадгалагдахаар байна. Орос улсын эрчим хүчний үйлдвэрлэл нь тус улсын эдийн засгийн өсөлтөд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд эдийн засгийн өсөлтийн 40 хувь, гадаад валютын орлогын 60 хувийг эзэлдэг байна. Орос улсын эдийн засгийн өсөлт нь эрчим хүчний экспортоос хэт их хамааралтай учир олон улсын зах зээл дээрх газрын тосны үнэ хэлбэлзэхэд Оросын эдийн засагт маш том нөлөө үзүүлдэг. 2001 оноос эхлэн Орос улс газрын тос үйлдвэрлэлээр Саудын Арабын дараа орж байсан бол өнөөдөр дэлхий дээрх хамгийн том газрын тос үйлдвэрлэгч улс болсон байна.

Хятад улс тун удахгүй газрын тосны хэрэглээгээрээ АНУ-ын дараа орж дэлхийн газрын тосны хоёрдахь том хэрэглэгч болж Япон улсыг ардаа орхих юм.

Улс төрийн тогтворгүй, түгшүүртэй байдалтай Ойрхи дорнодоос газрын тосны импортын хувьд ихээхэн хамааралтай байгаа Хятад улс өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хэрэгцээний ядаж хугасыг өөр бусад улс орноос хангах зорилгын үүднээс газрын тосны шугам хоолойн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа юм.    

Газрын тосны шугам хоолой барих асуудлыг Хятад болон Японы хувьд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь турахгүй” байдлаар шийдвэрлэхээр болж байгаа нь одоогоор идэвхтэй яригдаж буй Орос-Хятадын эрчим хүчний хамтын ажиллагааны хүрээнд байгалийн хийн хоолой барих ажлын явцыг сааруулахгүй байхаар тооцсон алхам гэж зарим шинжээчид үзэж байна.

ОХУ-ын Засгийн газраас газрын тосны шугам хоолой барих маршрутыг 2003 оны 5 дугаар сарын 1-ны дотор эцэслэн шийдсэн байх ёстой. Энэ тохиолдолд
1)         зэрэгцээ хоёр шугмыг хангаж чадахуйц газрын тосны хангалттай эх үүсвэр байгаа эсэх
2)         Хятад болон Японы компаниуд өөрсдийн хувь оролцоог оруулахыг Оросууд зөвшөөрөх эсэх
3)         газрын тосны үнэ нь үнийн хэлбэлзэлээс хамаарч уян хатан байх эсэх
зэрэг олон асуудал Хятад, Японы аль алины өмнө тулгарах юм.


Орос-Хятадын хоорондох байгалийн хийн хамтын ажиллагаа


Ойрын ирээдүйд Хятадын зүүн хойд мужийн хэрэглэгчид өндөр үнэтэй байгалын хий худалдан авч хэрэглэх төлбөрийн чадвар муутай байна. Оросын ЗГ-аас байгалын хийн экспортын үнийг аль болох өндөр түвшинд байлгах бодлого барьж байгаа нь Өмнөд Солонгосын зах зээлд чиглэсэн арга хэмжээ юм. Өмнөд Солонгосын ЗГ-аас Орос, Хятадтай хамтран хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Оросын байгалын хий нь Өмнөд Солонгосын одоогоор импортлож буй шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ)-нээс 20 – 25 хувь хямд байна.

Хэрэв уг шугам Монголоор дайрвал үнэ нь буух ихээхэн боломж байгаа юм. Ковиткинск-Хэйлонжаны шугам Монголоор дайрахгүй өөр чиглэлээр тавигдвал Өмнөд Солонгост очих үнэ нь ихэсч ШБХ-нээс өндөр үнэтэй болох юм. Учир нь энэ тохиолдолд шугамын алслал уртасч, мөнхийн цэвдэг болон галт уулын хөдлөл барилгын ажилд сөргөөр нөлөөлж үнийг нэмэгдүүлэх юм.

Орос болон Хятад улсууд өөрсдийн ашиг сонирхолын үүднээс хийн төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэхийн тулд
1-рт     Ковиткинскаас Монголоор дамжуулан Шаньдун, Жиансу муж руу,
2-рт     Бүгд Найрамдах Саха улсын Чаяндагасаас Хэйлонжан муж руу
хийн 2 хоолой барих нь хамгийн оновчтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

ОХУ-ын Сибирийн бүсэд байгалын хийн арвин баялаг орд газрыг эзэмшдэг BP PLC компаниар толгойлуулсан нэгэн консерциум байгалын хийг Хятадад нийлүүлэх гэрээ байгуулахаар ид ажиллаж байна. Дашрамд дурдахад CNPC компани санхүүгийн нэмэгдэл эх үүсвэр төвлөрүүлэх зорилгоор 2000 оны 4 сард хөрөнгө оруулалтын энгийн хувьцаа олон нийтэд гаргахад дэлхий дээрх эрчим хүчний 3 том магнатын (ExxonMobil, BP, Shell) нэг болох BP компани нийт гаргасан хувьцааны 20 хувийг худалдан авч байсан.

ОХУ-ын байгалийн хийн монополь компани Газпромын оролцоотой бас нэгэн консерциум Хятадын баруун бүсээс зүүн бүс хүрэх байгалийн хийн хамгийн том хийн хоолойг өнгөрсөн жилээс барьж эхлээд байгаа. Хэрэв дээрх 2 төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Хятад улс Оросын байгалийн хийн хамгийн том хэрэглэгч болох юм.
 
ОХУ-ын Ковиткинскийн байгалийн хийн орд газрын техник, эдийн засгийн тооцооллыг ОХУ, Хятад, Өмнөд Солонгосын хамтарсан баг хийж байгаа бөгөөд 2003 оны 6 сард эцсийн тайлангаа дуусгах ажээ. Зүүн Сибирийн байгалийн хийн экспортын ирээдүй Хятад, Өмнөд Солонгос 2 улс өөрсдийн зах зээлийг хэр нээлттэй байлгахаас хамааралтай гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна. Хэдийгээр хий нийлүүлэх эхний үе шатанд Өмнөд Солонгосын жилд 10 тэрбум шоо метр хий хэрэглэдэг зах зээл хүрэлцээтэй ч гэсэн Оросын байгалийн хийг Хятад болон Зүүн Өмнөд азийн зах зээлд гаргах ирээдүйн төлөв, хэмжээг Хятад улс тодорхойлно гэдгийг хаа хаанаа ойлгож байна.     

Санал дүгнэлт:

Дээрхээс дүгнэн үзэхэд:

1. Манай улсын стратегийн чухал түүхий эд болох нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 90-ээс доошгүй хувийг Манай хойд хөрш болох Орос улсын байгалийн арвин нөөц болох Дорнод Сибирээс хангасаар ирсэн бөгөөд ойрын ирээдүйд ч энэ байдал хадгалагдах төлөвтэй.  

2. Хэдийгээр манай улсын нефть бүтээгдэхүүний хэрэгцээ харьцангуй бага боловч нефтийн бүтээгдэхүүний бүх хэрэгцээгээ импортоор авдаг манай улсын хувьд цорын ганц эх үүсвэрээс хамааралтай байх нь улс орны аюулгүй болон тогтвортой байдалд эрсдэл бий болгож буй тул нийт хэрэгцээнийхээ дор хаяж 40 хувийг найдвартай хангах өөр эх үүсвэртэй болох нь чухал юм. Орос-Хятадын газрын тосны хоолойн талаар одоо хэлэлцэгдэж буй аль ч хувилбарт Ангарск-Дацингийн шугам баригдахаар тооцогдож буй тул Дацингаас Монгол руу газрын тос импортлох боломжийг судлан үзэх.

3. ОХУ, Хятад, Өмнөд Солонгосын хамтарсан баг боловсруулж энэ 6 дугаар сард дуусгах Ковиткинск-Хэйлонжаны шугмын судалгааны ажлын талаар мэдээлэл цуглуулж, баригдах чиглэлийн төлөвийн талаар судалгаа явуулах. Манай улсаар дайрч өнгөрөх чиглэл батлагдсан тохиолдолд үүсч болох давуу сөрөг талыг урьдчилан судлах

4. Манай улс нэг талаас газрын тос байгалийн хийн нөөц, нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлж буй Орос улс, нөгөө талаас газрын тос, байгалийн хийн хэрэгцээгээрээ дэлхийд тэргүүлэх байрт яваа Хятад улстай хил залган оршдогийн хувьд эдгээр орны эрчим хүчний хөгжил, хэтийн төлөв, хамтын ажиллагааны байдлыг судлаж, энэ хүрээнд манай улсад ашигтай байдал үүсч болох эсэх талаар судалгаа явуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.

5. Цөөн хүн амтай, том газар нутагтай буюу эрчим хүчний ачаалал багатай боловч хэрэгцээг төвлөрсөн хангамжаар хангахад зардал өндөртэй манай орны хувьд эрчим хүчний хэрэгцээний зарим хэсгийг өөр эх үүсвэрээр хангах боломж буюу харьцангуй давуу тал манай улсад бий. Иймд аль болох сэргээгдэх эрчим хүчний хангамжийг хөгжүүлэх чиглэл рүү бодлого явуулж, гадаад орны зээлээр хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдийг энэ чиглэлд хандуулах нь зүйтэй болов уу.      

1-         Манай улс жилд ойролцоогоор 400 мянган тн нефть импортлодог. АНУ-д мөрддөг хэмжүүрээр 1 баррель нефть 42 галлонтой тэнцдэг. 1 галлон нь 3.785 литртэй тэнцдэг байна.  
2-         G. Kemp, R. Harkavy. Strategic Geography and the Changing Middle East.Washington, DC: Carnegie Endowment for International Peace, 1997, p. 125.
3-         China's Changing Oil Strategy and its Foreign Policy Implications, CNAPS Working Paper, Fall 1999

Эх сурвалж:   АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн газар http://www.eia.doe.gov/
“Business Weekly” сонин  №2003\04 сар, 24 дүгээр хуудас
                        Fuelling Sino-Russian ties”;
“Oil, gas pipelines wind where national intersts lead”
                        “China Daily” сонин №2003\03 сар, 18 дугаар хуудас
            “Experts welcome Sino-Russian oil pipeline”


БОЛОВСРУУЛСАН:
ГУРАВДУГААР НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА                                                  Б.БАТЖАРГАЛ

Явуулах нь:

1.     ГХЯ-ны Хөрш орнуудын газар
2.     Дэд бүтцийн яам
3.     Санхүү, эдийн засгийн яам
4.     Үйлдвэр, худалдааны яам
5.     Газрын тосны хэрэг эрхлэх газар

6.     Үлдэх хувь