Хятад улс ДХБ-д элссэний дараа
ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ
2003 оны 8 дугаар
сарын 28-ны өдөр Дугаар Бээжин
хот
Хятад улс ДХБ-д элссэний дараа
Хятадын хямд ажиллах хүч, газар зүйн байршил, асар хурдацтай өргөжиж буй
хөрөнгөлөг том зах зээл зэрэг харьцангуй давуу талууд нь гадаадын хөрөнгө
оруулалтыг их хэмжээгээр татан оруулж[1]
улмаар Хятадын эдийн засаг дунд хугацаанд эрчимтэй хөгжих үндсийг бүрдүүлж
байна.
Хятад улс ДХБ-д элсэн орсон нь тус улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах
нэгэн томоохон хүчин зүйл болсон.
Хятад улс ДХБ-ын гишүүн болохын тулд 15 жил зарцуулсан бөгөөд ялангуяа АНУ,
Европын холбоотой урт хугацаанд ярвигтай хэлэлцээ хийсэн билээ. Хятадын Ардын
төлөөлөгчдийн их хурлын тогтоол болон Ерөнхийлөгч Зянь Зэминий зарлигийн дагуу
Хятад улс ДХБ-д гишүүнээр элссэнийг 2002 оны 12 дугаар сарын 11-ны өдөр хүчин
төгөлдөр болгон зарласан.
Тус улсыг Дэлхийн худалдааны байгууллагад элсэн орсоны дараа гарах эерэг,
сөрөг үр дагавар, тэдгээр нь дэлхийн, бүс нутгийн болон тухайн улсын эдийн
засагт ямар нөлөө үзүүлэх талаар гадаад орон, олон улсын санхүүгийн
байгууллагууд, үндэстэн дамнасан корпорацууд олон төрлийн судалгаа[2]
хийсэн байдаг.
Хятад улс ДХБ-ийн гишүүн болсноор гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй
нэмэгдэж, улмаар ажиллах хүчний цалин, улсын төсвийн орлого нэмэгдэж, шинэ
технологи орж ирж байна. Үүний зэрэгцээ Хятад улс ДХБ-д элсэхдээ авсан амлалтын
дагуу гадаад худалдааны тарифаа үе шаттайгаар бууруулснаар эдийн засгийн бүх
салбарт өрсөлдөөн хурдасч худалдан авагчдын хувьд барааны сонголт, чанар
сайжирч, үнэ буурах юм. Мөн өрсөлдөөн нэмэгдсэнээр Хятадын дотоодын
үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар дээшилж байна.
Хэдийгээр Хятад улс ДХБ-д элсэн орсноор дээр дурдсан эерэг нөхцөл бүрдэх
боловч ДХБ-д гишүүнээр элсэхдээ авсан амлалтаа шат дараатай биелүүлэх
шаардлагатай болж байна.
Хятад улс ДХБ-ын гишүүн болохдоо авсан амлалтууд нь маш өргөн хүрээг
хамарсан цогц асуудал бөгөөд тэдгээрийг иж бүрэн судлахын тулд Ажлын хэсгийн
тайлан, Хятадын хэсгийн протокол, бараа бүтээгдэхүүний талаар авах арга
хэмжээний хуваарь[3],
үйлчилгээний салбарт авах арга хэмжээний хуваарь зэрэг 800 гаруй хуудас[4]
материалыг судалж үзэх шаардлагатай.
Хятад улс ДХБ-д элссэнээс хойш 10 жилийн хугацаанд нийт 700 гаруй[5]
амлалт буюу арга хэмжээг авч хэрэгжүүлэхийн дотор нийт 7000 гаруй бүтээгдэхүүн,
9 төрлийн томоохон үйлчилгээний салбарыг либеральчлах үүрэг авсан байна. Эдгээр
олон төрлийн амлалт, арга хэмжээнүүдийг багцлан авч үзвэл:
1. Тариф бууруулах
-
Аж
үйлдвэрийн бүтээгдэхүүний тариф ойролцоогоор 25% байгааг 7% хүртэл бууруулах,
-
Хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүний тариф ойролцоогоор 31% байгааг 14% хүртэл бууруулах
2. Үйлчилгээний салбар дахь хязгаарлалтыг багасгах
Банк, даатгал, харилцаа холбоо болон хууль
зүйн зөвлөгөө өгөх зэрэг тусгай мэргэжлийн томоохон үйлчилгээний салбаруудыг
гадаадын хөрөнгө оруулалт ороход нээлттэй болгох
3. Захиргааны шинэтгэл хийх
Ил тод байдлыг дэлгэрүүлэх, санал шүүмжлэл
чөлөөтэй илэрхийлэх, хуулийг нэгэн жигд хэрэглэх, шүүхийн шийдвэрийн хяналтыг
сайжруулах. Ингэснээр Хятад дахь гадаадын компаниудын бизнес эрхлэхэд учирч буй
саадыг арилгах юм.
4. ДХБ-ын олон төрлийн гэрээг дагаж мөрдөх
ДХБ-д одоогоор мөрдөгдөж буй хөдөө аж ахуй, импортын лицензийн, оюуны
өмчийн эрх, худалдааны техникийн хориг саад зэрэг худалдаа, хөрөнгө оруулалтын
асуудлуудыг зохицуулдаг олон улсын гэрээг дагаж мөрдөх
5. Хятадад чиглэсэн худалдааны тусгай зарчмуудаа либеральчлах
-
Хятадын
нийлүүлэгчээс барааг шууд худалдан авах, Хятад дахь худалдан авагчид барааг
шууд худалдах эрхийг нээлттэй болгох арга хэмжээг ДХБ-д гишүүнээр элссэнээс
хойш 3 жилийн дотор хэрэгжүүлэх.
-
Бүх
төрлийн бараа бүтээгдэхүүнийг Хятад дотор түгээн борлуулах эрхийг нээлттэй
болгох арга хэмжээг мөн 3 жилийн дотор хэрэгжүүлэх. Харин химийн бордоо, газрын
түүхий тос, боловсруулсан нефть бүтээгдэхүүнийг бөөний худалдааны сүлжээгээр
борлуулах, мөн химийн бордоог жижиглэнгийн худалдааны сүлжээгээр борлуулах
эрхийг нээлттэй болгох арга хэмжээг 5 жилийн дотор авах.
-
Хөрөнгө
оруулалт болон импортын зөвшөөрөл олгохдоо технологи шилжүүлэх, гадаад валютын
нөөц, экспортын хэмжээнд нөхцөл тавих, дотоодоос заавал ажиллах хүч, түүхий эд
авах зэрэг шаардлага тавьж байгааг зогсоох
-
Хөрөнгө
оруулалт хийж салбар нээлгүйгээр бараа бүтээгдэхүүнээ Хятадад борлуулах,
экспортлох боломжтой болгох
-
Квот
тогтоох, лиценз олгох зэргээр хэдэн зуун төрлийн бүтээгдэхүүнд ногдуулж буй
Тарифын бус хязгаарлалтуудыг (NTM) үгүй болгохын зэрэгцээ ДХБ-ын шаардлагад үл
нийцэх бүх төрлийн Тарифын бус хязгаарлалтуудыг 2005 оны 1 дүгээр сарын 1 гэхэд
арилгах
-
Хөдөө
аж ахуй, аж үйлдвэрийн барааны импортын худалдаа эрхэлдэг улсын монополь
компануудыг татан буулгах
-
Гагцхүү
арилжааны зарчимд үндэслэн борлуулалт, худалдан авалтаа явуулж байх шаардлагыг
улсын өмчит үйлдвэрийн газруудад хэвшүүлэх
-
Хөдөө
аж ахуйн бүтээгдэхүүнд олгодог экспортын татаасыг арилгах, аж үйлдвэрийн
барааны импортыг орлуулах бүтээгдэхүүнд олгож буй татаас болон аж үйлдвэрийн
экспортын татаасыг арилгах
6. Хамгаалалтын механизмууд
-
ДХБ-ын
гишүүн орнууд 15 жилийн туршид Хятадын дампингийн эсрэг тодорхой арга хэмжээ
авах боломжтой.
-
ДХБ-ын
гишүүн орнууд дотоод зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж буй Хятадын импортыг 12
жилийн туршид хязгаарлах боломжтой.
Хятад улс ДХБ-д элссэнээс хойш жил гаруй хугацаанд авсан амлалтуудаа бүрэн
биелүүлж байгааг Хятадын Засгийн газраас сүүлийн үед явуулж буй үйл ажиллагаа
болон бизнесийн салбарт болж буй өөрчлөлтөөс харж болно. Үүнд:
-
Нийт
3000 гаруй тарифын зүйлийн дундаж хэмжээг 15.3% байсныг одоогоор 11% хүртэл
бууруулаад байна. Мэдээлэл, технологийн импортын зарим тарифыг тэглэсэн[6].
-
худалдаа,
үйлчилгээтэй холбоотой хууль, журам болон зарим бодлогод өөрчлөлт оруулах
чиглэлээр нийт 14 хуулинд өөрчлөлт оруулж, 37 захиргааны журмыг шинэчилж,
тусгай газар, яамны түвшний 1000 гаруй журам боловсруулаад байна.
-
ДХБ-ын
“Худалдаатай холбоотой оюуны өмчийн эрхийн гэрээ”-ны үзэл санаанд нийцүүлэн
Патент, Худалдааны эрх, Зохиогчийн эрхийн зэрэг хуулиуддаа нэмэлт өөрчлөлт
оруулсан байна[7].
-
Хамтарсан
үйлдвэрийн дүрмийн санд эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 49% хүртэл
байхыг зөвшөөрдөг байсан бол 2003 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн энэхүү
хувь хэмжээг нэмэгдүүлэн 75%-иас хэтрэхгүй байхаар шинэчлэн тогтоосон.
-
Даатгалын
салбарт гадаадын хөрөнгө оруулалт орж эхэлсэн.
-
Оёмол,
нэхмэл эдлэлийн үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө орохыг нээлттэй болгож,
оёмол, нэхмэл эдлэлийн импортын тарифыг багасгасан.
-
Гадаадын
супермаркетын сүлжээний биенесийг зөвхөн далайн эргийн хэдэн хотоор хязгаарлаж
байсныг өөрчилж нээлттэй болгосноор Wal-Mart зэрэг компанууд шинэ салбаруудаа
нээж эхэллээ. Одоогийн байдлаар Хятадын томоохон супермаркетуудын 23%-ийг
гадаадын компанууд эзэлж байна.
-
Гадаадын
банкуудыг банкны салбарт хөрөнгө оруулахыг зөвшөөрсний дагуу гадаадын нэр хүнд
бүхий 8 компани банкны үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
-
Хэрэглэгчдэд
автомашиныг зээлээр олгодог санхүүгийн зах зээлийг гадаадын компаниудад
нээлттэй болгосноор авто машины үйлдвэрлэлийн салбар тэлж, өнгөрсөн онтой
харьцуулахад 55%-иар буюу 1.2 сая автомашин нэмж үйлдвэрлэсэн байна.[8]
-
Гадаадын
компаниуд Хятадын олон нийтийн хэвлэлийг түгээн борлуулах үйлчилгээний салбарт
орох хязгаарлалтыг арилгахаар бэлтгэлээ хангаж байгаа болно.
Хятад улс хамгийн хямд ажиллах хүчнийг хямд зардалтай дэлхийн шилдэг
технологитой оновчтой хослуулж олон төрлийн өргөн хэрэглээний, аж үйлдвэрийн
бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр асар олон тоогоор үйлдвэрлэж өөрийн
улсын зах зээлийг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээгээр экспортлох болсноор бүс
нутгийн зарим зах зээлийг хямд үнээр монополчилох хандлагатай болжээ.
Энэ нь нэг талаас хятадын дотоодын олон тооны үйлдвэрлэгч нарын хоорондын
өрсөлдөөнөөс үүдэлтэй гэж үзэж болох боловч хямд зардалтай дэлхийн шилдэг
технологийг оновчтой сонгоогүй тохиолдолд бүтээгдэхүүний хамгийн хямд өртгийг
тогтоох боломжгүй юм. Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн олон төрлийн технологиуд
дотроос хамгийн сүүлийн үеийн үр ашиг, бүтээмж өндөртэй хямд өртөгтэй
технологийг сонгон авч, улсын нэгдсэн бодлого, хяналт дор дотоодын үйлдвэр аж
ахуйн газруудад нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог тусгай Технологийн институтуудийг
байгуулсан.
Хятадын Ерөнхий сайд асан Жу Рунжи “...техник,
технологийг шинэчилэх болно. Гэхдээ хэн нэг нь дураар дургихгүй. Нэгдсэн
бодлогоор зохицуулна. Эс тэгвэл манай улс хөгжингүй орнуудын хоцрогдсон
технологийн хогийн сав болно” хэмээн хэлсэн бөгөөд энэхүү нэгдсэн бодлогоор
зохицуулсны үр дүн одоо гарч Хятадын бүтээгдэхүүнүүд дэлхийд хямд үнийг тогтоох
болжээ.
Хятад улс дотоодын үйлдвэрүүддээ 33%-ийн орлогын албан татвар ногдуулдаг
байхад гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэрт 15%, 24%-ийн албан татвар
ногдуулахын зэрэгцээ татварын олон төрлийн чөлөөлөлт эдлүүлдэг нь нэг талаас
тэгш бус байдлыг бий болгож байгаа боловч нөгөө талаас нь авч үзвэл дотоодын
үйлдвэрүүд ахиуц ашгаа сайтар тооцож, улмаар гадаадын хөрөнгө оруулалттай
үйлдэрүүдээс илүү ажиллаж байж шалгаран гарч бүтээгдэхүүнээ борлуулан хөгжих
бизнесийн дархлааг тогтоож өгч байна.
Квот алга болсноор Хятадын оёдол, нэхмэлийн
үйлдвэрлэл сэргэнэ
Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн гэрээний нэг болох “Оёмол эдлэл,
хувцасны гэрээ”-ны хүчин төгөлдөр байх хугацаа уг гэрээнд заасны дагуу 2004 оны
12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Энэхүү гэрээ дуусгавар болсноор
анх 1974 онд АНУ, Европын холбоо, Канад зэрэг улсууд голдуу Азийн гуч гаруй
орны экспортод квот тавьсанаас үүсэн бий болсон квотын системыг үгүй болгох
юм.
2005 оноос эхлэн оёмол, нэхмэл бүтээгдэхүүний квот үгүй болохтой
холбоотойгоор Хятад, Пакистан, Энэтхэг зэрэг улсууд техник технологио улам бүр
шинэчилж, Бангладеш улс оёдлын үйлдвэрлэлээс өөр эдийн засгийн салбарыг хөгжүүлэх
талаар судалгаа хийж, Шри Ланк улс оёдлын үйлдвэрлэлээ усны хувцас, гутлын
үдээс, хувцасны гоёл чимэглэл болон тансаг эдлэл хийх чиглэл рүү өөрчлөн
шинэчилэх зэргээр тус бүрдээ хамгаалалтын арга хэмжээнүүдийг одооноос авч
эхлээд байна.
Өнгөрсөн гуч гаруй жилийн туршид нэхмэл, оёмол бүтээгдэхүүнийг өндөр
зардлаар үйлдвэрлэгчдийг хамгаалж байсан энэхүү квотын систем үгүй болсноор
зардал багатай, өндөр үр ашигтай Хятадын үйлдвэрлэгч нар зах зээлийн хүрээгээ
өргөжүүлэн тэлэх боломж бүрдүүлж байна.
Дэлхийн худалдааны байгууллага 1995 оноос эхлэн зарим квотыг халж эхэлсэн
боловч одоогоор оёмол бүтээгдэхүүний 20%-ийг буюу суудлын даруулга, борооны
шүхэр, хүүхдийн хувцас, эмэгтэй хүний дотуур хувцас зэргийг квотгүй болгоод
байна. Хэдэн жилийн өмнө хүүхдийн хувцасны квотыг халсны дараа энэ төрлийн
бүтээгдэхүүний Хятадын экспорт 826%-иар өссөн байхад Бангладеш улсын экспорт
18%, Филлипин улсын экспорт 17%-иар тус тус буурсан байна. Эмэгтэй хүний дотуур
хувцасны квотыг халсны дараа Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт
232%-иар өссөн байна.
АНУ-ын Олон улсын худалдааны комисс гэдэг байгууллагаас хийсэн судалгаагаар
квотын системийг халсны дараах 2 жилийн дотор хятадын хувцасны зах зээл 6
хувиар өсөхөөр урьдчилан тооцож байна.
Дэлхийн банкны хийсэн тооцоогоор Хятад улс ДХБ-д элсэж, үүний зэрэгцээ
хувцасны квотын систем үгүй болсноор Хятад улс дэлхийн хувцасны зах зээлийн
25%-ийг хяналтдаа авах болно гэжээ.
Мөн Дэлхийн банкны эдийн засагчдын хийсэн тооцоогоор Хятад улс 2005 он
гэхэд дэлхийн экспортын 45%-ыг хянах болно гэжээ.
Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний квотын систем үгүй болсноор энэ салбарт
харьцангуй давуу талтай улсуудын (Энэтхэг, Пакистан г.м) зах зээл тэлэгдэн
өргөжихийн хамт квотд тулгуурлан хөгжиж байсан орнууд (Бангладеш, Шри-ланк гэх
мэт) баталгаат зах зээлээ алдаж сонгодог зах зээлийн зарчмаар өрсөлдөх
шаардлагатай болох юм.
АНУ-ын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн институтээс хийсэн тооцоогоор
квотын систем үгүй болсноор Хятадын оёмол бүтээгдэхүүний экспорт АНУ-ын оёмол
бүтээгдэхүүний зах зээлийн гуравны хоёрыг хяналтдаа авахаар байна. Үүнээс
сэргийлж дампингийн эсрэг тусгай татвар тогтоох саналыг тус институтээс Засгийн
газартаа тавиад байна.
Квотын систем үгүй болохоос өмнө АНУ болон Европын холбооны улсууд дотоодын
зах зээлээ хамгаалах тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боловч эдгээр
арга хэмжээний хүрээнд өндөр өртөгтэй оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн барааг
худалдан авсаар байна гэсэн үг биш юм. Тэдний дотоодын зах зээлээ хамгаалах
бодлого нь нийт хэрэгцээнийхээ тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангаж,
үлдсэн хувийг хамгийн хямд зардалтай, өндөр чанартай бүтээгдэхүүн
үйлдвэрлэгчээс импортлон хангах зорилготой юм.
Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийн үйлдвэрлэлээс авахуулаад эцсийн
бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх үйл ажиллагааг цогцоор нь явуулдаг хямд ажиллах
хүчтэй, өндөр технологитой үйлдвэрүүд л хамгийн хямд үнийг тогтоох
болно.
Манай улсын оёмол бүтээгдэхүүний өнөөгийн зах зээл бол үндсэндээ АНУ болон
Европын холбооноос манай улсад олгосон худалдааны таатай нөхцөлд (квот)
тулгуурлан хөгжсөн гэж үзэх үндэстэй юм.
Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь манай улсын гадаад худалдааны 20
орчим хувийг[9]
эзэлдэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын сонирхлыг татдаг цөөхөн
салбаруудын нэг юм. Энэ салбар нь манай улсын 50 орчим мянган өрхийн бодит
орлогыг санхүүжүүлж, гадаад валютын орлогын нэг томоохон эх үүсвэр болдог
утгаараа манай улсын эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд ихээхэн
нөлөөтэй салбар юм.
Аль ч шалгуураар авч үзсэн манай улсын оёмол, нэхмэлийн үйлдвэрлэлийн
салбарын өрсөлдөх чадвар Хятадынхаас хавьгүй доогуур байгаа бөгөөд гагцхүү ноос
ноолуур гэх мэт түүхий эдийг дотоодоос бэлтгэх боломжтой цөөхөн төрлийн нэхмэл
бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр уламжлалт зах зээлээ хадгалан өрсөлдөх
чадварыг нь хөгжүүлэх боломжтой юм.
Оёмол нэхмэл бүтээгдэхүүний квотын систем 2005 оноос эхлэн хүчингүй
болсноор манай улсын оёдлын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар буурч улмаар
үйлдвэрлэлийн хэмжээ багасахад хүрвэл тус салбарт ажиллаж буй олон тооны
эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудал, тэднийг дагасан орлого багатай өрхүүдийн
нийгмийн асуудал хөндөгдөж, улмаар гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны
тэнцэлд ч сөргөөр нөлөөлж магадгүй юм.
Иймд манай улс оёмол, нэхмэлийн салбарын үйл ажиллагаа, цаашид энэ салбарын
чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогодоо одооноос зохицуулалт хийх,
судалгааны ажлыг эхлүүлэх шаардлагатай байна.
Санал:
1.
Оёдол,
нэхмэлийн үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр
судалгаа хийх. Үүнд өртөг зардлаа бууруулах, борлуулах зах зээлээ тэлэх, зах
зээлийн тодорхой хэсэгт зориулсан онцлог бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодоос
түүхий эдийг хангах боломжтой оёдол нэхмэлийн чиглэлийг түлхүү хөгжүүлэх гэх
мэт.
2.
Хятад
улсын эдийн засаг улам нээлттэй болж байгаагийн зэрэгцээ дэлхийн нийт
худалдааны эргэлтэд эзлэх байр суурь нь нэмэгдсээр 2005 онд дэлхийн экспортын
45%-ийг гаргах хэмжээнд хүрэхээр байгаа нь тус улсын аж үйлдвэрлэлийн салбар
мөн тийм хурдацтай хөгжих болно гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Хятад улсын аж
үйлдвэрийн салбар өсөхийн хэрээр зэс, никель, цайр, төмөр гэх мэт олон төрлийн
ашигт малтмалын эрэлт хэрэгцээ улам бүр ихэсч байна. Ялангуяа сүүлийн үед зэс,
төмрийн хэрэгцээ асар хурдан нэмэгдэж байгааг Хятадын Засгийн газрын төлөвлөлт,
судалгааны байгууллагууд анхааралдаа авч, хангамж нийлүүлэлтийн талаар бодлого
боловсруулаад байна. Иймд манай улс өөрт байгаа ашигт малтмалын нөөцдөө
түшиглэн Хятад руу экспортлоход чиглэсэн уул уурхайн чиглэлийн үйлдвэрлэлийг
хөгжүүлэх нь зүйтэй юм.
ТАНИЛЦСАН:
ЭЛЧИН САЙД Л.АМАРСАНАА
БОЛОВСРУУЛСАН:
ГУРАВДУГААР
НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Явуулах нь:
- Санхүү, эдийн засгийн яам
- Үйлдвэр худалдааны яам
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны
агентлаг
- ГХЯ-ны Хөрш орнуудын газар
- Дэд бүтцийн яам
Үлдэх
[1] - Хятад улсад 2002 онд 41.8 тэрбум
ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Одоогоор дэлхийн топ
500 үндэстэн дамнасан корпорацуудаас 400 нь Хятадад хөрөнгө оруулаад байна.
[2] Үүний нэг нь АНУ-ын Ерөнхий Аудитын
Газраас боловсруулсан “Хятад улс ДХБ-д элсэхдээ авсан амлалтуудын электрон
мэдээллийн сан” бөгөөд энэхүү сангаас дурын бүтээгдэхүүнтэй холбоотой тарифын,
тарифын бус хязгаарлалтын талаарх мэдээллийг шуурхай олох боломжтой. Энэхүү
мэдээллийн санг бид олж аваад байгаа ба хэрэв шаардлагатай бол хуулбарлан авах
боломжтой.
[3] http://www.mac.doc.gov/China/Annex8.htm
[4]
http://www.mac.doc.gov/China/WTOAccessionPackage.htm
[5]
http://www.uspolicy.be/Issues/WTO/gao.061603.htm
[6] Аль ч улсын хувьд гаалийн албан
татвар нь төсвийн хамгийн найдвартай орлогын эх үүсвэр болж төсвийн нэлээд
хувийг бүрдүүлдэг учраас гаалийн албан татварын хувь хэмжээнд аливаа өөрчлөлт
ороход төсвийн тэнцэл, төлбөр гүйцэтгэх чадварт огцом нөлөө үзүүлдэг. Хятад улс
зарим төрлийн тарифаа 4.3 пунктээр бууруулахад төсвийн орлого нь 4 тэрбум гаруй
юаниар багасч төсөвт сөрөг нөлөө үзүүлсэн бөгөөд цаашид тарифаа бууруулахад
төсвийн орлого даган багасах тул энэ алдагдлыг татвараас зайлсхийгч нартай
тэмцэн нөхөхөөр тооцож байна.
[7] Синхуа агентлагийн 2003-04-10-ний
өдрийн мэдээ
[8] Үүнийг дагаад дэлхийн автомашин
үйлдвэрлэгчид Хятад дахь хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж, өөр бүс нутаг дахь
үйлдвэрүүдээ Хятадад шилжүүлэн байршуулж байна. Үүний нэг жишээ бол Volkswagen компани
Хятад дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж Аргентин дэх 3 үйлдвэрээ хаасан нь
олон хүн ажилгүй болоход хүргэжээ.
[9] 2003 оны 5 дугаар сарын гадаад
худалдааны гаалийн статистик мэдээлэл. хавсралт 3
Post a Comment