ХЯТАД УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨНӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ТАЛААР

by in 0


танилцуулах мэдээ

хэнээс:                      Монгол улсаас бнхау-д суугаа эся, III-НБД, б.батжаргал 
УТГА:                             Хятад улсын эдийн засгийн өнөөгийн хөгжлийн талаар
огноо:                                2003.09.17
хуудасны тоо:    4 ХУУДАС


Хятад улсын 4 дэх үеийн удирдагчид “эдийн засгийн нээлттэй” бодлогыг гадаад худалдааны оновчтой бодлоготой хослуулан хэрэгжүүлснээр эдийн засгийн өндөр, тогтвортой өсөлтийг хангаж чадсан.

Хятадын удирдагчид юаний ханшийг америк долларын ханштай уялдуулан тогтвортой барих валютын ханшны хатуу бодлогыг 1994 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн нь Хятадын эдийн эдийн засгийн бодит өсөлт тогтвортой байх суурь нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.

Хятадын ДНБ-ны цэвэр өсөлт 1997-2002 оны хооронд дунджаар 7.7%-аар нэмэгдэж ирсэн. Хятадын Засгийн газраас ДНБ-ний өсөлтийг 2003 онд 7.0% -д хүргэх зорилт тавьсан хэдий ч энэ оны 7 дугаар сард ДНБ-ний цэвэр өсөлт 7.2%-тай байсан бол 9 дүгээр сарын дүнгээр 7.5%-д хүрчээ.

Эдийн засгийн өсөлтийн талаар Хятадын засгийн газраас барьж буй бодлогын шинэ зорилт бол аж үйлдвэрийн салбарын бүтцийг өөрчлөх замаар эдийн засгийн өсөлтийн чанар, үр ашгийг дээшлүүлэх явдал гэж тодорхойлж байна.

Энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт (ялангуяа үр тариа, хүнсний ногоо) сүүлийн үеийн шинжлэх ухаан, технологийн ололтыг нэгдсэн бодлоготойгоор нэвтрүүлж, өндөр буюу шинэ технологийн салбарыг амжилттай хөгжүүлсэн, орчин үеийн үйлчилгээний салбарыг хурдацтай хөгжүүлж, үйлдвэрлэлийн салбарын үсрэнгүй хөгжлийг тогтвортой, хатуу мөнгөний бодлогоор дэмжиж ирснээр Хятад улс гадаад валютын нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт буюу Япон улсын дараа орох (316 тэрбум ам.доллар) болсон бөгөөд Хятадын эдийн засаг Азийн санхүүгийн хямралд бага өртсөн нь дээрхи бодлогын үр дүн хэмээн үзэж байна.

Хятад улсын ДНБ-ны цэвэр өсөлт 2003 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр өмнөх онтой харьцуулахад 8.2 хувьтай гарахаар байна.  

Хятад улсын нийт төсөв 2002 оны гүйцэтгэлээр 37.4 тэрбум ам.долларын алдагдалтай (ДНБ-нд харьц. % -3.1) гарсан бол 2003 оны ХБГ-ээр 41.4 тэрбум ам.долларын алдагдалтай (ДНБ-нд харьц. % -3.1) гарахаар байна.

Төсвийн зарлагын хяналтыг сайжруулах зорилгоор төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцоог 2001 оноос амжилттай туршин хэрэгжүүлж байна.

Хятадын хямд ажиллах хүч, газар зүйн байршил, асар хурдацтай өргөжиж буй хөрөнгөлөг том зах зээл зэрэг харьцангуй давуу талууд нь гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татан оруулж улмаар Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжих үндсийг бүрдүүлж өгсөн.

Хятад улсад 2002 онд 41.8 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна. Одоогоор дэлхийн топ 500 үндэстэн дамнасан корпорацуудаас 400 нь Хятадад хөрөнгө оруулаад байна

Хятад улс 2002 оны 12 дугаар сард ДХБ-д элсэн орсон нь тус улсын эдийн засгийн хөгжлийг хурдасгах нэгэн томоохон хүчин зүйл болсон юм.

Хятад улс ДХБ-ын гишүүн болохын тулд 15 жил зарцуулсан бөгөөд ялангуяа АНУ, Европын Холбоотой урт хугацаанд ярвигтай хэлэлцээ хийсэн билээ.

Хятад улс ДХБ-ийн гишүүн болсноор гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй нэмэгдэж, улмаар ажиллах хүчний цалин, улсын төсвийн орлого нэмэгдэж, шинэ технологи орж ирж байна. Үүний зэрэгцээ Хятад улс ДХБ-д элсэхдээ авсан амлалтын дагуу гадаад худалдааны тарифаа үе шаттайгаар бууруулснаар эдийн засгийн бүх салбарт өрсөлдөөн хурдасч худалдан авагчдын хувьд барааны сонголт, чанар сайжирч, үнэ буурч байна. Мөн өрсөлдөөн нэмэгдсэнээр Хятадын дотоодын үйлдвэрүүдийн өрсөлдөх чадвар дээшилж байна.

Аль ч улсын хувьд гаалийн албан татвар нь төсвийн хамгийн найдвартай орлогын эх үүсвэр болж төсвийн нэлээд хувийг бүрдүүлдэг учраас гаалийн албан татварын хувь хэмжээнд аливаа өөрчлөлт ороход төсвийн тэнцэл, төлбөр гүйцэтгэх чадварт огцом нөлөө үзүүлдэг. Хятад улс ДХБ-д элсэхдээ авсан амлалтын дагуу зарим төрлийн тарифаа 4.3 пунктээр бууруулсан бөгөөд үүний дүнд төсвийн орлого нь 4 тэрбум гаруй юаниар багассан ба цаашид тарифаа бууруулахад төсвийн орлого даган багасах тул энэ алдагдлыг татвараас зайлсхийгч нартай тэмцэн нөхөх болно гэж Хятадын Сангийн яам мэдэгдэж байна

Хятад улс хамгийн хямд ажиллах хүчнийг дэлхийн шилдэг хямд зардалтай технологитой оновчтой хослуулж олон төрлийн өргөн хэрэглээний, аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр асар олон тоогоор үйлдвэрлэж өөрийн улсын зах зээлийг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээгээр экспортлох болсноор бүс нутгийн зарим зах зээлийг хямд үнээр монополчилох хандлагатай болжээ.

Энэ нь нэг талаас Хятадын дотоодын олон тооны үйлдвэрлэгч нарын хоорондын өрсөлдөөнөөс үүдэлтэй гэж үзэж болох боловч хямд зардалтай дэлхийн шилдэг технологийг оновчтой сонгоогүй тохиолдолд бүтээгдэхүүний хамгийн хямд өртгийг тогтоох боломжгүй юм.

Хятадын Ерөнхий сайд асан Жу Рунжи “...техник, технологийг шинэчилэх болно. Гэхдээ хэн нэг нь дураар дургихгүй. Нэгдсэн бодлогоор зохицуулна. Эс тэгвэл манай улс хөгжингүй орнуудын хоцрогдсон технологийн хогийн сав болно” хэмээн хэлсэн бөгөөд ийнхүү нэгдсэн бодлогоор зохицуулсны үр дүн одоо гарч Хятадын бүтээгдэхүүнүүд дэлхийд хямд үнийг тогтоох болжээ.

Хятад улс дэлхийн үйлдвэрлэлийн олон төрлийн технологиуд дотроос хамгийн сүүлийн үеийн үр ашиг, бүтээмж өндөртэй хямд өртөгтэй технологийг сонгон авч, улсын нэгдсэн бодлого, хяналт дор дотоодын үйлдвэр аж ахуйн газруудад нэвтрүүлэх зөвшөөрөл олгодог төрийн мэдлийн тусгай Технологийн институтуудийг байгуулсан нь энэхүү амжилтийн нууц гэж үзүүштэй.

Хятадын шинэ үеийн удирдагчид Хятад улсын эдийн засгийн бүтээн босголт, өөрчлөн байгуулалыг цаашид хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

1. Шинжлэх ухаан, техникийн дэвшлийг цөм болгон орчин үеийн дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх

2. Баруун бүс нутгийн байгалийн баялагт тулгуурласан эдийн засгийг нээлттэй хөгжүүлэх иж бүрэн арга хэмжээ хэрэгжүүлэх

3. Эдийн засаг дахь улсын өмчлөлийн зарим секторыг өөрчлөн байгуулж, үе шаттайгаар хувьчилах

4. Гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих бодлогыг үргэлжүүлэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдээс гадаадад хийх хөрөнгө оруулалтыг зээлийн бодлогоор урамшуулан дэмжих зэргийг онцлон тэмдэглэж байна.

Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн салбар, томоохон барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлж ирсэн нь өөрийн улсын дотоод хэрэглээ, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж эдийн засгийн тэнцвэрийг хангах, хөгжлийн үсрэнгүй хөгжлийг тогтвортой хангах бодлогын арга хэмжээ байсан.

Хятадын Засгийн газраас дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч, 396 тэрбум ам.долларийн улсын хөрөнгө оруулалтыг түүнд зарцуулж байгаагийн зэрэгцээ гадаадын их хэмжээний шууд хөрөнгө оруулалтыг татан оруулж байгаа нь эдийн засгийн өсөлтөд хамгийн чухал нөлөө үзүүлж байна.

Хятад улс өнгөрсөн 5 жилд усны цахилгаан эрчим хүчний барилга байгууламжид нийт 356.2 тэрбум юаний хөрөнгө оруулалт оруулсан нь тус улсын 1950-1997 онд уг салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалттай тэнцүү байна. Усан хангамжийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх бодлогын арга хэмжээний хүрээнд өмнө зүгийн гол мөрний усны арвин их нөөцийг умард зүгийн мужуудад хүргэх томоохон төслийн ажлыг эхлүүллээ.

Одоогоос таван жилийн өмнө өндөр хурдны замын уртын хэмжээгээр Хятад улс дэлхийд 39 дүгээр байранд орж байсан бол 2002 оны байдлаар нийтдээ 25200 км өндөр хурдны замтай болж 2 дугаар байранд орох болжээ. Хятад улсын авто замын сүлжээ 2002 оны байдлаар 1 сая 760 мянган км байна.  Хятад улс өнгөрсөн таван жилийн хугацаанд нийтдээ 5944 км урт төмөр зам шинээр тавьж, нийт 5704 км урт өндөр хүчдэлийн шугам болон байгалийн хийн хоолой шинээр байгууллаа. Энэ хугацаанд 25 онгоцны буудал шинээр барьсан бөгөөд суурин болон хөдөлгөөнт телефон холбоо хэрэглэгчдийн тоо 83.5 саяд хүрчээ.

Баруун бүсийг нээлттэй хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 36 том онцгой чухал байгууламжийн барилгын ажлыг эхлүүлж 600 гаруй тэрбум юаний хөрөнгө оруулалт хийгээд байгаагийн дотор Чинхай – Түвдийг холбосон төмөр зам, Шинжааны Таримын байгалын хийг Шанхай хүргэх хий хоолойн байгууламж, Баруун бүсээс зүүн зүг рүү чиглэсэн эрчим хүчний дамжуулах шугам татах зэрэг аварга том төслүүд багтаж байна.

Хятад улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2003 оны үндсэн чиглэлд    дараахь үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн.

-       Эдийн засгийн бодит өсөлтийг 7%-д хүргэх

-       Хот суурин газарт шинээр 8 сая ажлын байр бий болгох, ажилгүйдлын хувь хэмжээг 4.5%-с хэтрүүлэхгүй байх

-       Өргөн хэрэглээний барааны үнийн индексийг 1 орчим хувьд барих

-       Гадаад худалдааны эргэлтийг 7%-иар нэмэгдүүлэх зэрэг болно.



____ o O o____