ЗҮҮН ХОЙД АЗИ БА МОНГОЛ УЛС
ЗҮҮН ХОЙД АЗИ БА МОНГОЛ УЛС
Зүүн хойд азийн
интеграцчлал
Зүүн хойд Ази нь маш өвөрмөц
онцлогтой бүс нутаг юм. Эдийн засгийн талаас нь аваад үзвэл уг бүс нутагт супер
эдийн засгийн чадавхитай Япон улс, асар хурдацтай хөгжиж буй их гүрэн Хятад
улс, мөн эдийн засгийн сүйрэлд орсон Хойд Солонгос улс багтаж байна. Стратегийн
хувьд тус бүс нутаг дахь улсууд бие биедээ үл итгэх байдалтай явж ирсэн. Тус
бүс нутаг дахь анхаарал татсан асуудлуудад Хятадын үсрэнгүй хөгжил, Япон улсын
эдийн засгийн зогсонги байдал, Солонгосын хойгийн зөрчилдөөн, Тайваны асуудал
зэргийг авч үзэж болох юм. Улс төрийн дотоод дэглэмийн хувьд аваад үзвэл Япон
дахь Америк маягийн ардчилал, Өмнөд Солонгос, Тайваны шинэ тутам ардчилал,
Хятад дахь нэг намын засаглал, Хойд Солонгос дахь дарангуйллын дэглэм гэх
мэтээр эрс ялгаатай байна.
Зүүн хойд ази нь байгалын
баялагын арвин их нөөцтэй бөгөөд эдийн засгийн асар их нөөц бололцоотой нутаг
тул хамтын ажиллагааг хөгжүүлснээр дээрхи бололцоог уялдуулан ашиглаж болох юм.
НҮБ-ийн хүрээнд
хэрэгжүүлж буй Түмэн Гол төслийн хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн
засаг, газар зүйн хүрээнд манай улсын Дорнод хэсэг, Хятадын Зүүн хойд хэсэг,
Оросын Алс дорнод, Сибирь, Өмнөд болон Хойд Солонгос, Японыг хамруулж үздэг
байна.
Хятадын Эдийн
засагт тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд
Эдийн засгийн өсөлт
нэмэгдэхийн зэрэгцээ дотоод эрэлт илүү хурдацтай нэмэгдэж байгаагаас нүүрс,
цахилгаан эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн болон бусад чухал түүхий эд,
боловсруулсан материалын нийлүүлэлт, хангалт дутагдалд орж байгааг зохицуулах
арга хэмжээ авч байна.
2004 онд Хятад улс эдийн
засгийн өсөлтөө 7 хувьд хүртэл бууруулах зорилт тавьж байна. Эдийн засгийн хэт
өндөр өсөлт нь эдийн засгийн үндсэн бүтцэд зарим нэг хүндрэл учруулж байгаа тул
зээлийг хумих бодлого баримтлахын зэрэгцээ 2004 оноос Засгийн газрын бонд
гаргалтыг 30 тэрбум юаниар бууруулж 110 тэрбум юаний бонд гаргахаар төлөвлөсөн
байна. Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, цемент, төмөрлөг,
хөнгөн цагааны үйлдвэрлэл зэрэг тодорхой салбарууд хэт хурдан өсөж байгаа нь
эдийн засгийн үндсэн бүтцэд эрчим хүчний хомсдол үүсгэж, зам тээврийн салбар
ачааллаа даахгүйд хүргэж байна.
Дэлхийн томоохон санхүүгийн
байгууллагын нэг “Merrill Lynch”-ийн үзэж байгаагаар хэрэв Хятад улс юаний
ам.доллартай харьцах одоогийн тогтмол ханшийг өөрчилж чөлөөт ханшны системд
яаралтай шилжихгүй бол 2004 оны эцэс гэхэд Хятадын инфляцийн түвшин хоёр
оронтой тоонд шилжихээр байна гэж дүгнэжээ.
Бусад ажиглагчдын тооцоолж
байгаагаар 2004 оны эцэс гэхэд Хятад улс юаний ханшийг 13 хувиар чангаруулах
арга хэмжээ авах болно. Сүүлийн үед Хятадын төв банк болон Валютын
зохицуулалтын газраас хийж буй мэдэгдлээс дүгнэлт хийхэд Хятадын эрх баригчид
2004 онд юаний ханшийг бодитой тогтоох чиглэлээр тодорхой алхамууд хийх
төлөвтэй байна. Манай улсын томоохон худалдааны түнш төдийгүй хүнсний барааны
хамгийн том нийлүүлэгч болох Хятад улсын юаний ханш чангарвал манай улсын
гадаад худалдааны тэнцэл, нийт эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болох юм.
Сүүлийн үед Хятад улсад нэлээд
хурдацтай нэмэгдэж буй хэрэглээний үнийн индекс болон зарим салбарын хөрөнгө
оруулалтын огцом өсөлтийг бууруулахын тулд 2004 онд Хятадын Засгийн газраас
зээлийн хүүгийн түвшинг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. (2003 онд зээлийн
хүүгийн түвшин сүүлийн 5 жилийн хамгийн бага түвшинд хүрсэн)
Хятад улс
шинэтгэлийн бодлого хэрэгжүүлэхдээ Зүүн хойд бүс нутгаа хүнд аж үйлдвэрийн төв
болгон хөгжүүлсэн бөгөөд нээлттэй хаалганы бодлого хэрэгжүүлж эхэлсэн цагаас
нээлттэй бүсүүдэд түлхүү анхаарч хөгжүүлж ирснээр Зүүн хойд бүс нутгийн хүнд
үйлдвэрүүд техник, технологийн хувьд ихээхэн хоцрогдолд орж, эдийн засгийн
хувьд үр ашиггүй үйлдвэрлэл явуулах болсон байна. Иймээс Хятадын шинээр томилогдсон
Засгийн газраас Зүүн хойд Хятадын аж үйлдвэрийн хуучин цогцолборуудыг сэргээх
стратегийн томоохон бодлогын баримт бичгийг батлан гаргаж, сэргээх үйл
ажиллагааг эхлүүлээ. Энэ ажлын хүрээнд дэвшилтэт технологийн үйлдвэрлэл
хөгжүүлэх, хуучин үйлдвэрүүдийн технологийг шинэчилэх, ажлын байр шинээр бий
болгох, Зүүн хойд Азийн орнуудтай хийх худалдаа, эдийн засгийн хамтын
ажиллагааг түлхүү хөгжүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
Хятадын эдийн
засгийн өсөлт хэт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор хүнд аж,
үйлдвэрийн үндсэн түүхий эд болох төмөр, ган, төмрийн бэлдэц, төрөл бүрийн
металл, эрдэс бүтээгдэхүүний эрэлт эрс нэмэгдэж, үүнийг дагаад үнэ нь өсч
байна. Ялангуяа Зүүн хойд хятадын бүс нутаг дахь үйлдвэрүүд түүхий эдийн
дутагдалд ихээхэн орж байна. Жишээлбэл Гансу мужийн нэгэн гангийн үйлдвэр
илчлэг өндөртэй нүүрсний дутагдалд орсон бөгөөд энэ хүндрэлээс гарахын тулд
манай улсын Нарийн Сухайтын нүүрсний уурхай хүртэл өөрсдийн хөрөнгөөр 540 км
төмөр зам барьж байна. Манай улсад илэрц ихтэй олон төрлийн ашигт малтмалын
хэрэгцээ Хятад улсад асар их нэмэгдэж байна.
Морган Станлей
банкны хийсэн судалгаагаар дараагийн 5-6 жилийн дотор Хятад улсад үндсэн
металлын хэрэгцээ 2 дахин нэмэгдэх тооцоотой байна. Үүнд нөлөөлж буй нэг
томоохон хүчин зүйл бол Хятадад зээлжүүлэлтийн хэрэглээ асар хурдан
нэмэгдэж, хүн амын худалдан авах чадвар эрс сайжирч байгаа явдал юм. Иймээс
Хятадад металлын хэрэгцээ огцом нэмэгдэж байгаа нь зөвхөн экспортын өсөлтөөс
хамааралтай бус дотоодын хэрэглээнээс ихээхэн хамааралтай байгаа юм. Жишээ нь
орон сууц, автомашиныг урт хугацааны зээлээр худалдах болсноор энэ салбарын
үйлдвэрлэлийг асар хурдацтай нэмэгдүүлж байна. Мөн ийнхүү зээлээр худалдах
болсонтой холбоотойгоор металын орц ихтэй электрон бараа, халаалтын систем,
агаар тохируулагч систем, төрөл бүрийн хоолой төмөр, гэр ахуйн цахилгаан
хэрэгсэлийн хэрэглээ эрс өсч байна. Өнөөгийн байдлаар үндсэн металлын
хэрэглээгээр Хятад улс дэлхийд тэргүүлж байгаа бөгөөд жилээс жилд энэ хэрэглээ
улам бүр өсөх хандлагатай байна.
Хятад, Япон, Өмнөд Солонгосын эдийн засаг,
худалдааны түншлэлийн харилцаа
Эдгээр 3 орны
эдийн засгийн хамтын ажиллагааны төлөв байдал нь Зүүн Хойд Ази төдийгүй дэлхийн
эдийн засагт худалдаа эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг.
Хятад, Япон, Өмнөд Солонгос улсуудын
хөгжлийн түвшин адилгүй байгаа хэдий ч аж үйлдвэр, худалдааны салбарт тэд бие
биенээ нөхөх байдлаар оршиж тогтнох нь зайлшгүй юм. Эдгээр улсууд хоорондоо
өрсөлдөн оршдог хэдий ч хамтын ажиллагаа нь өрсөлдөөнөөс илүү их далайцтай
гэдэг дээр талууд санал нэгддэг байна. Эдгээр 3 улсын ДНБ-ний нийлбэр нь
дэлхийн нийт ДНБ-ны 23 хувийг, Зүүн Азийн 13 орны нийт ДНБ-ны 90 хувийг тус тус
эзэлдэг байна.
2003 оны эцсийн
байдлаар Хятад улсаас Япон, Өмнөд Солонгостой хийж буй гадаад худалдаа нь Хятад
улсын нийт гадаад худалдааны 21 хувийг эзэлж байна.
Хятадтай
хийж буй гадаад худалдаа /тэрбум
ам.доллар/
№
|
Гадаад
худалдаа
|
2002
он
|
2003
он
|
өсөлт
%
|
гадаад
худалдаанд эзлэх байр суурь
|
1
|
Хятад – Япон
|
116.65
|
130.0
|
130%
|
Япон улс 11 жилийн турш Хятадын хамгийн том
худалдааны түнш байсаар байна.
|
2
|
Хятад - Өмнөд
Солонгос
|
44.07
|
63.23
|
143.5%
|
Өмнөд Солонгос улс Хятадын худалдааны 4 дэх
том түнш юм.
|
Хятадад оруулсан
хөрөнгө оруулалт /тэрбум
ам.доллар/
№
|
Хөрөнгө оруулалт
|
2003
он
|
2003 оны эцсийн байдлаар
Япон, БНСУлсаас Хятадад хийсэн шууд хөрөнгө оруулалт Хятадын нийт гадаадын
хөрөнгө оруулалтын 14 хувийг эзэлж байна.
|
1
|
Япон
|
57.48
|
|
2
|
Өмнөд Солонгос
|
36.87
|
Япон улс АСЕАН-ны
орнуудтай “Эдийн засаг, худалдааны ойр дөт түншлэл”-ийн харилцаа тогтоох талаар
тохиролцсон, Хятад улс АСЕАН-ны орнуудын хооронд байгуулсан чөлөөт худалдааны
бүс 2004 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн, Өмнөд Солонгос улс АСЕАН-ны орнуудтай
чөлөөт худалдааны бүс байгуулах яриа хэлэлцээ эхэлж байгаа зэрэг нь АСЕАН-ыг
тойрсон чөлөөт худалдааны бүс байгуулагдаж байгааг илтгэж байна. Энэхүү үйл явц
нь худалдааг татваргүй болгох замаар хөгжүүлэх тул Зүүн хойд Азийн бүс нутгийн
худалдааны эргэлтэд томоохон нөлөө үзүүлэх юм. Иймд манай улс энэ үйл явцад
хэрхэн шууд бусаар хамрагдах талаар ажиллаж эхлэх нь зүйтэй байна.
Монгол, Хятадын
худалдаа, эдийн засгийн харилцаанд үүсч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх
боломж, арга зам
Монгол, Хятадын гадаад
худалдаа 2003 онд 448,1 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 31,1 хувиар өссөн
байна. Хятад улс манай нийт гадаад худалдааны эргэлтийн 1/3-ийг дангаараа эзэлж
байна. 2003 онд манай улсаас Хятад улс руу хийсэн экспорт 276,6 сая ам. долларт
хүрч 27,3 хувиар, Хятад улсаас авсан импорт 171,5 сая ам.долларт хүрч 23 хувиар
тус тус өссөн байна.
2003 оны эцсийн байдлаар БНХАУ-ын
хөрөнгө оруулалттай 1000 орчим аж ахуйн нэгж 332,8 сая ам.долларын хөрөнгө
оруулалт манай улсад оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол, Хятадын хоорондын
гадаад худалдааны тэнцэл манай улсын хувьд ашигтай гардаг нь үндсэндээ зэсийн
баяжмалын экспорттой холбон үздэг байна. Албан бус тоо баримтаас үзэхэд манай
хоёр улсын худалдааны зарим хэсэг тухайлбал Хятадаас Монгол руу экспортлож буй
төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа, хүнсний бараа, тоног төхөөрөмж Монгол
улсын гаалийн статистикт бүртгэгддэггүй байна. Хэрэв гадаад худалдааны мэдээг
үнэн зөв тооцвол манай хоёр орны хоорондох худалдаа Хятадын талд ашигтай гарах
тооцоо байдаг байна.
Одоогоор Монгол, Хятадын
худалдаанд тулгараад байгаа онцгой хүндрэл байхгүй гэж үзэж болно.
Зүүн хойд Азийн
эдийн засгийн хамтын ажиллагаан дахь Монгол улсын оролцоо
Манай улс Зүүн хойд азийн бүс
нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд оролцоход анхаарвал зохих хэд хэдэн
асуудал байна.
1.
Ашигт малтмал
олборлох боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх
Зүүн хойд азийн бүс нутагт
хамаарах манай улсын зүүн аймгууд нь газрын ховор болон бусад үнэт металл,
ашигт малтмалаар баялаг тул Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг улсуудын хөрөнгө
оруулалтыг оруулах байдлаар хамтын ажиллагааг хөгжүүлэх.
Манай улсын зүүн бүс дэх эдийн
засгийн үр ашигтай томоохон ордуудад Засгийн газраас тодорхой ажил зохиож 1-2
томоохон олборлох болон боловсруулах үйлдвэрийг Зүүн хойд азийн хамтын
ажиллагааны эдийн засгийн хүрээнд Монгол улсаас оролцох үндсэн хэлбэрээр
байгуулах нь ашигтай болов уу. Мөн энэ чиглэлээр Зүүн хойд азийн орнуудын
ялангуяа Засгийн газрын хөгжлийн банкуудаас томоохон хөнгөлөлттэй зээл олж
дээрхи хөрөнгө оруулалтад чиглүүлэх боломжтой байж болох юм.
Зүүн хойд азийн эдийн засгийн
судалгааны институтээс зохион байгуулж буй “Зүүн хойд азийн олон талт бизнесийн
чуулга уулзалт”-ын (NAB-Messe) хүрээнд Монгол улсаас уул уурхайн олборлох, боловсруулах чиглэлийн
үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр оролцох нь зүйтэй. Одоогийн байдлаар ЗХА-н
бүс нутагт багтдаг утгаараа уг чуулга уулзалтад манай улсын нэр яваа боловч
ямар чиглэлээр оролцох нь тодорхойгүй мэт http://nab-messe.erina.or.jp/En/indexe.htm хаягнаас харагдаж
байна.
2.
Эрчим хүчний
хэрэглээ, хангамж
Зүүн хойд азийн бүс нутаг дахь хамгийн тулгамдсан асуудал
бол эрчим хүчний хамгамж юм. Дэлхий дээр хамгийн том газрын тосны үйлдвэрлэгч бөгөөд байгалийн
хийн хамгийн их нөөцтэй улс болох Оросын байгалийн хий, газрын тос нь Хятад,
Япон, Солонгос зэрэг улсуудын импортын хэрэгцээг хангах хамгийн боломжит эх
үүсвэр юм.
Цаг хугацаа урсан өнгөрөхтэй зэрэгцэн дэлхийн газрын
тосны нийлүүлэлт мэдэгдэхүйц багасч, хэрэгцээ хэд дахин хурдацтайгаар
нэмэгдэж Зүүн Ази дахь томоохон газрын
тосны хэрэглэгчид болох Япон, Хятад зэрэг улсуудын өрсөлдөөн улам бүр ширүүсэх
хандлагатай болж байна. Энэ хандлагыг Оросын газрын тосны шугам хоолой барих
төслийн үйл явцаас ажиглаж болно.
Ойрын
ирээдүйд Хятадын зүүн хойд мужийн хэрэглэгчид өндөр үнэтэй байгалын хий
худалдан авч хэрэглэх төлбөрийн чадвар муутай байна. Оросын ЗГ-аас байгалын
хийн экспортын үнийг аль болох өндөр түвшинд байлгах бодлого барьж байгаа нь
Өмнөд Солонгосын зах зээлд чиглэсэн арга хэмжээ юм. Өмнөд Солонгосын ЗГ-аас
Орос, Хятадтай хамтран хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Оросын байгалын хий нь
Өмнөд Солонгосын одоогоор импортлож буй шингэрүүлсэн байгалийн хий (ШБХ)-нээс
20 – 25 хувь хямд байна.
Манай улсын стратегийн
чухал түүхий эд болох нефтийн бүтээгдэхүүний хэрэгцээний 90-ээс доошгүй хувийг
Манай хойд хөрш болох Орос улсын байгалийн арвин нөөц болох Дорнод Сибирээс
хангасаар ирсэн бөгөөд ойрын ирээдүйд ч энэ байдал хадгалагдах төлөвтэй.
Хэдийгээр манай улсын
нефть бүтээгдэхүүний хэрэгцээ харьцангуй бага боловч нефтийн бүтээгдэхүүний бүх
хэрэгцээ цорын ганц эх үүсвэрээс хамааралтай байх нь улс орны аюулгүй болон
тогтвортой байдалд эрсдэл бий болгож буй тул нийт хэрэгцээнийхээ 40-с доошгүй
хувийг найдвартай хангах өөр эх үүсвэртэй болох нь чухал юм. Орос-Хятадын
газрын тосны хоолойн талаар одоо хэлэлцэгдэж буй аль ч хувилбарт
Ангарск-Дацингийн шугам баригдахаар тооцогдож буй тул Дацингаас Монгол руу
газрын тос импортлох боломжийг судлан үзэх.
Цөөн хүн амтай, том
газар нутагтай буюу эрчим хүчний ачаалал багатай боловч хэрэгцээг төвлөрсөн
хангамжаар хангахад зардал өндөртэй манай орны хувьд аль болох сэргээгдэх эрчим
хүчний хангамжийг хөгжүүлэх чиглэл рүү бодлого явуулж, гадаад орны зээлээр
хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдийг энэ чиглэлд хандуулах нь зүйтэй болов уу.
3. Гадаад худалдааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах,
чөлөөт худалдааны гэрээ байгуулах
Хөгжиж буй орнуудаас
хөгжингүй орнуудад гаргаж буй экспортод ялгаваргүйгээр тарифын хөнгөлөлт
үзүүлэх зорилгоор НҮБ-ын UNCTAD байгууллагын хүрээнд Generalized System of
Preference (GSP) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системийг http://www.r0.unctad.org/en/techcop/trad0103.htm бий
болгосон байна. Одоогоор Европын холбооны 15 орныг багтаасан нийт 28 хөгжингүй
орны 16 хөнгөлөлтийн систем хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр орнуудад Зүүн
хойд азид орших Япон, Өмнөд Солонгос улс багтаж байна. Манай улс Зүүн хойд
азийн хамтын ажиллагааны хүрээнд Япон, Өмнөд Солонос улсаас тарифын хөнгөлөлт
авах нь манай улсад гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх нэгэн эх сурвалж болох
юм.
UNCTAD-аас
GSP-ын талаар хөгжиж буй орнуудад дэлгэрэнгүй ойлголт өгөх, энэхүү схемын
заавар журмын талаар мэдээллийг түгээх, хөнгөлөлт авч буй улсууд GSP-ын
ашиглалтыг сайжруулах чиглэлээр дотооддоо байнгын ажиллагаатай нэгж байгуулахад
дэмжлэг үзүүлэх, “Худалдааны шинжилгээ, мэдээллийн систем” суурилуулж бусад
холбогдох бүх төрлийн мэдээллээр хангах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд Австри,
Канад, Хятад, Финлянд, Герман, Итали, Япон, Голланд, Норвеги, Швед, Швейцари,
АНУ зэрэг орнууд болон НҮБ хамтран уг төслийг санхүүжүүлдэг юм байна. Энэ
төслийн хүрээнд Япон, Солонгос зэрэг улсуудаас Монгол улсад гадаад худалдааны
тарифын хөнгөлөлт авах чиглэлээр яриа хэлэлцээ хйих саналтай байна.
Мөн
сүүлийн үед олон улсын худалдаа либералчлагдаж байгаатай холбоотойгоор улс
орнуудын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах үйл явц маш эрчимтэй явагдаж
байна. Манай улсын харьцангуй давуу тал болох ашигт малтмалын хүдэр болон
баяжмалыг Хятад, Япон, Солонгос улсад экспортлож, тэдгээр улсуудаас хэрэгцээт
бараа, бүтээгдэхүүнийг импортлох чиглэлээр чөлөөт худалдааны гэрээ байгуулах нь
зүйтэй гэж үзэж байна. Одоогийн байдлаар Япон, Солонгос, Хятад улсууд чөлөөт
худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна. Хятад улс Австрали улстай
мөн чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар хэлэлцээ хийж байна.
Дэлхийн худалдааны байгууллагын статистикаас хархад
ДХБ-ын гишүүн 146 орноос бусад оронтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй
хоёрхон улсын нэг нь манай улс байна.
Хятад улс хамгийн хямд ажиллах хүчнийг хямд зардалтай
дэлхийн шилдэг технологитой оновчтой хослуулж олон төрлийн өргөн хэрэглээний,
аж үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр асар олон тоогоор
үйлдвэрлэж өөрийн улсын зах зээлийг хангаад зогсохгүй ихээхэн хэмжээгээр
экспортлох болсноор бүс нутгийн зарим зах зээлийг хямд үнээр монополчилох
хандлагатай болжээ. Ийм тохиолдолд манай улс Хятад улстай чөлөөт худалдааны
гэрээ байгуулах нь ашигтай гэж үзэж байна.
4. Оёдол, нэхмэлийн квот
Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн гэрээний нэг болох
“Оёмол эдлэл, хувцасны гэрээ”-ны хүчин төгөлдөр байх хугацаа уг гэрээнд заасны
дагуу 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно. Энэхүү гэрээ
дуусгавар болсноор анх 1974 онд АНУ, Европын холбоо, Канад зэрэг улсууд голдуу
Азийн гуч гаруй орны экспортод квот тавьсанаас үүсэн бий болсон квотын системыг
үгүй болгох юм.
Өнгөрсөн гуч гаруй жилийн туршид нэхмэл, оёмол
бүтээгдэхүүнийг өндөр зардлаар үйлдвэрлэгчдийг хамгаалж байсан энэхүү квотын
систем үгүй болсноор зардал багатай, өндөр үр ашигтай Хятадын үйлдвэрлэгч нар
зах зээлийн хүрээгээ өргөжүүлэн тэлэх боломж бүрдүүлж байна.
АНУ-ын Олон улсын худалдааны комисс гэдэг байгууллагаас
хийсэн судалгаагаар квотын системийг халсны дараах 2 жилийн дотор хятадын
хувцасны зах зээл 6 хувиар өсөхөөр урьдчилан тооцож байна. Дэлхийн банкны хийсэн тооцоогоор Хятад улс
ДХБ-д элсэж, үүний зэрэгцээ хувцасны квотын систем үгүй болсноор Хятад улс
дэлхийн хувцасны зах зээлийн 25%-ийг хяналтдаа авах болно гэжээ.
Мөн Дэлхийн банкны эдийн засагчдын хийсэн тооцоогоор
Хятад улс 2005 он гэхэд дэлхийн экспортын 45%-ыг хянах болно гэжээ.
Манай улсын оёмол бүтээгдэхүүний өнөөгийн зах зээл бол
үндсэндээ АНУ болон Европын холбооноос манай улсад олгосон худалдааны таатай
нөхцөлд (квот) тулгуурлан хөгжсөн гэж үзэх үндэстэй юм.
Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь манай улсын
гадаад худалдааны 20 орчим хувийг эзэлдэг бөгөөд гадаадын шууд хөрөнгө
оруулалтын сонирхлыг татдаг цөөхөн салбаруудын нэг юм. Энэ салбар нь манай
улсын 50 орчим мянган өрхийн бодит орлогыг санхүүжүүлж, гадаад валютын орлогын
нэг томоохон эх үүсвэр болдог утгаараа манай улсын эдийн засгийн дотоод, гадаад
тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөтэй салбар юм.
Аль ч шалгуураар авч үзсэн манай улсын оёмол, нэхмэлийн
үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар Хятадынхаас хавьгүй доогуур байгаа
бөгөөд гагцхүү ноос ноолуур гэх мэт түүхий эдийг дотоодоос бэлтгэх боломжтой
цөөхөн төрлийн нэхмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр уламжлалт зах
зээлээ хадгалан өрсөлдөх чадварыг нь хөгжүүлэх боломжтой юм.
Оёмол нэхмэл бүтээгдэхүүний квотын систем 2005 оноос
эхлэн хүчингүй болсноор манай улсын оёдлын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх
чадвар буурч улмаар үйлдвэрлэлийн хэмжээ багасахад хүрвэл тус салбарт ажиллаж
буй олон тооны эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудал, тэднийг дагасан орлого
багатай өрхүүдийн нийгмийн асуудал хөндөгдөж, улмаар гадаадын хөрөнгө оруулалт,
гадаад худалдааны тэнцэлд ч сөргөөр нөлөөлж магадгүй юм.
Боловсруулсан:
Б.Батжаргал
---------оОо----------
Post a Comment