Бүс нутгийн хэлхээ, холбоо өргөжиж байгаа тухай
ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ
2003 оны 2 дугаар
сарын 10-ны өдөр Дугаар Бээжин
хот
Бүс нутгийн хэлхээ, холбоо
өргөжиж
байгаа тухай
БНХАУ, Зүүн
өмнөт Азийн улсуудын ассиоцаци (ASEAN)-тай өнгөрсөн оны 11 дүгээр сард
байгуулсан түүхэн гэрээ нь зөвхөн хөгжиж буй орнуудаас бүрдсэн дэлхийн хамгийн
том чөлөөт худалдааны бүс байгуулах эхлэлийг тавьсан гэж мэргэжилтнүүд дүгнэж
байна.
Ерөнхий гэрээний
дагуу Хятад-АSEAN-ны хооронд чөлөөт худалдааны бүс 2015 онд бүрэн хэрэгжиж
дуусах бөгөөд тус бүсэд дэлхийн хүн амын гуравны нэг буюу 1.7 тэрбум хүн
хамрагдаж, нийт ДНБ нь 2 триллион ам.доллар, хоёр талын худалдаа нь 1.2 тэрбум ам.
долларт хүрэх юм. Үүнээс энэхүү үйл явцийн үр нөлөө нь маш далайцтай байхыг
харж болно.
Жишээ нь
Вьетнамын цагаан будааны үйлдвэрлэл, Индонезийн ургамлын тосны үйлдвэрлэл,
Сингапурын оюуны чадамж бүгд нийлээд өнөөгийн Хятадын эдийн засгийн зүйрлэшгүй
өндөр хурдацтай холбогдох болно. Эдийн засгийн болоод стратегийн энэхүү шинэ
хэлхээ холбоо нь Зүүн болон Зүүн өмнөт Азийг бүрмөсөн өөрчлөх юм.
“Зүүн өмнөт
Азийн орнууд бүгд ойлголцон, хамтын ажиллагааны талаар хэлэлцэн ярилцаж
нэгдэхэд хүргэсэн нь Хятадын түүхэнд анх удаа тохиолдож буй үзэгдэл” гэж
Сингапур дахь Зүүн өмнөт Ази Судлалын Институтын ахлах ажилтан Шэн Ли Жунь
хэлжээ.
Энэ гэрээний
“Урьдчилан хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу хоёр талын гаалийн зарим барааны
тарифыг гурван жилийн дотор үе шаттайгаар бууруулж тэглэх бөгөөд 2003 оны
эхнээс бууруулж эхлэх юм. ASEAN-ны анхны гишүүн 6 орон – Бруней, Индонез,
Малайз, Сингапур, Филлипин, Тайланд- 2010 он гэхэд Хятадын талтай худалдааны
чөлөөт бүсээ байгуулах бөгөөд үлдсэн гишүүн орнууд – Камбож, Лаос, Вьетнам,
Мьянмар – 2015 он гэхэд чөлөөт бүсээ байгуулсан байх юм.
Энэхүү
“Урьдчилан хэрэгжүүлэх төлөвлөгөө” нь БНХАУ Дэлхийн худалдааны байгууллагын
өмнө авсан амлалтуудаа 2005 оноос хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор дэлхийн
бусад орнуудаас урьтаж ASEAN-ны гишүүн орнууд Хятадын зах зээлд илүү чөлөөтэй
орох боломж олгох үндсэн зорилготой юм.
Чөлөөт бүсийн
худалдааны голлох бараанд амьтан, амьтны бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн,
хүнсний ногоо, жимс, самар зэрэг багтаж байна. Одоогоор 15 хувийн гаалийн
тарифтай байгаа барааны хувьд эхлээд 10 хувь хүртэл, дараа 5 хувь хүртэл
бууруулж, улмаар тогтоосон хугацаа болоход “тэг” хувьтай болох юм. Худалдааны
чөлөөт бүс бүрэн хэрэгжсэний дараа 600 гаруй бүтээгдэхүүний тариф буурсан
байна. Мөн үүний зэрэгцээ хөдөө аж ахуй, үйлчилгээ, мэдээллийн технологи болон
хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллаж өмнөт Хятад, Зүүн өмнөт Азийн дунд
байрлах Меконг голын сав газрыг хөгжүүлэх ажил хийгдэхээр төлөвлөгджээ. Ийнхүү
шинэ хамтын ажиллагаа нь Хятадын хувьд үйлчилгээний салбарын ур чадвартай
ажиллагсадыг импортлох боломж олгох ач холбогдолтой юм. Мөн энэхүү хамтын
ажиллагааны хүрээнд терроризмын эсрэг, олон улсын гэмт хэргийн эсрэг чиглэлээр
хамтран ажиллана.
Хятад улс ASEAN-ны
нэн буурай хөгжилтэй орнуудын өрийг багасгах тал дээр тусалсан бөгөөд мөн
ASEAN-ны мэдээллийн технологийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж
байна. Хятад улс ASEAN-Хятадын хамтын ажиллагааны бусад хөтөлбөрийг
боловсруулах санал гаргасан бөгөөд Юнань мужийн төв Куньминээс Тайландын нийслэл
Бангкок орох хурдны замын Лаост баригдах хэсгийн гуравны нэгийг санхүүжүүлэхээр
5 сая ам.доллар олгохоор болсон байна.
Одоогоор ASEAN-аас
Хятад руу хийж буй экспорт ASEAN-ны нийт экспортын 8.3 хувь, Хятадаас ASEAN руу
хийж буй экспорт Хятадын нийт экспортын дөнгөж 3.9 хувийг эзэлж байгаа хэдий ч
хоёр тал худалдааны чөлөөт бүс байгуулсаны дараа бий болох нөөц боломжуудад
ихээхэн найдаж байгаа ажээ.
ASEAN-ны
судалгааны тайлангаас үзэхэд худалдааны чөлөөт бүс нь ASEAN-аас Хятад руу хийх
экспортыг 48 хувиар, Хятадаас ASEAN руу хийх экспортыг 55 хувиар нэмэгдүүлнэ
гэжээ. Үүний зэрэгцээ Хятадын ДНБ 0.3 хувиар, ASEAN-ны ДНБ 0.9 хувиар өсөх
болно.
Энэхүү
худалдааны чөлөөт бүсийн тухай асуудал нь 1995 онд Тайланд улсаас Хятадын өмнөт
хэсэгтэй хамтарсан эдийн засгийн чөлөөт бүс байгуулах санал тавьсанаас эхлэлтэй
юм. Үүнээс 2 жилийн дараа Азийн санхүүгийн хямрал болж Зүүн өмнөт азийн орнууд
Барууны орнуудыг хэт түшсээр ирсэн байдалдаа дүгнэлт хийж эдийн засгийн
өсөлтийн өөр загварыг эрж хайхад хүргэсэн юм.
Хятадын өмнөт
хөршүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрхэн Хятад руу урсч, харин өөрсдийн
орны шууд хөрөнгө оруулалт улам бүр буурсаар байгааг нэлээд хэдэн жил ажиглан
харсан байна. 2002 онд Хятадад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 50
тэрбум ам.долларт хүрэхээр төлөвлөж байхад Зүүн өмнөт Азид 2000 онд 10 тэрбум
ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь 1997 оныхоос 37 хувиар буурсан
байна. 2002 онд Зүүн өмнөт Азийн гадаадын шууд хөрөнгө оруулалт 12 тэрбум
ам.доллар байхаар байна.
Хятад улс Дэлхийн
худалдааны байгууллагад элссэний дараа тус бүс нутаг дахь гадаадын хөрөнгө
оруулалтыг юу ч үгүй сорох болно гэсэн ASEAN-ны орнуудын эмзэглэлийг намжаахын
тулд 2000 онд Хятадын Ерөнхий сайд Жу Рунжи Худалдааны чөлөөт бус байгуулах
тухай саналаа ASEAN-д албан ёсоор тавьсан билээ. Зургаан удаагийн хуралдааны
дүнд одоогоос 2 сарын өмнө буюу ASEAN-ны гишүүн орнуудын худалдааны чөлөөт
бүсийн зурвасыг тогтоож дуусаагүй байхад дээр дурьдсан ерөнхий гэрээнд талууд
гарын үсэг зурсан байна.
ASEAN-ны ихэнх
орнууд Хятад улс ДХБ-д орсноор ASEAN-ны хөгжлийг мөхлийн замд оруулж тэднийг
түүхий эд, бараа материалын нийлүүлэгч болгон хувиргах нь хэмээн айж байсан юм.
Энэхүү болгоомжлолыг хамтын ажиллагаагаар орлуулсан нь аль аль талдаа тун үр
ашигтай үйл явц болсон байна.
Газар зүйн хувьд
ойр дөт, соёл заншлын хувьд төстэй ASEAN-ны орнууд хурдацтайгаар өсөн нэмэгдэж
буй Хятадын зах зээлд орох, өөрсдийн эдийн засгийг өөрчлөх талаар суралцах, мөн
Хятадтай өрсөлдөх чадвартай байхыг эрмэлзэж байна.
“ASEAN-ны
орнуудын хувьд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг улам ойртуулахаас
өөр сонголт байхгүй. Зүүн өмнөт Азид бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын
чөлөөтэй урсгал үгүй бол бид бүгд олон салбараа Хятадад алдана” гэж Сингапурын
Худалдаа аж, үйлдвэрийн сайд Жорж Ио саяхны илтгэлдээ дурджээ.
Хятад-ASEAN-ны
чөлөөт бүс байгуулагдсанаар Хятадын хямдхан үйлдвэрлэгчдыг ASEAN-нд оруулах,
мөн ASEAN-ны өрсөлдөх чадвартай байгаа барааг Хятадын зах зээл дээр нээлттэй
борлуулах боломж олгох юм.
Статистик
мэдээнээс үзэхэд өнгөрсөн жилийн эхний зургаан сард Сингапураас Хятадад хийж
буй экспорт 33 хувиар, Малайзийн экспорт 36 хувиар өссөн байна.
Эдийн засгийн
асуудлаас гадна, ASEAN-Хятадын худалдааны чөлөөт бүс үүссэнээр улсуудын
удирдагч нарын хоорондох дээд хэмжээний яриа хэлэлцээ өргөжиж, дэлхийн хэрэг
явдалд оролцох Хятадын нөлөө улам өсөх юм.
Чөлөөт
худалдааны бүсийн ерөнхий гэрээ байгуулсаны зэрэгцээ ASEAN, Хятад хоёр өмнөт
хятадын тэнгист талууд үйл ажиллагаагаа хэрхэн явуулах тухай буюу Хятад,
Филлипин, Вьетнам, Бруней, Малайз улсууд бүгд өөрийн мэдлийн газар нутаг хэмээн
булаацалддаг газрын тос, байгалийн хийгээр баялаг Наньша арлуудын асуудлыг
хөндсөн мэдэгдэлд гарын үсэг зурсан. (Тайвань ч мөн уг арлыг өөрийн мэдлийнх
гэж мэдэгддэг.) ASEAN Хятад хоёр сөргөлдсөн үйл ажиллагаа явуулахаас
зайлсхийхээр тохирч, маргаантай бүс нутагт сөргөлдөхгүй, асуудлыг ямар нэг аюул
занал илэрхийлэхгүйгээр энх тайвны замаар шийдвэрлэж байхаар тохирсон байна.
“Энэхүү хэлэлцээний үйл явдал нь ASEAN-тай харилцах Хятадын харилцаанд шинэ
ахиц гарсны илэрхийлэл бөгөөд энэ нь мөн хоёр талын хоорондох итгэлцлийн шинэ
түвшинг харуулж байна” гэж Хятадын гадаад хэргийн дэд сайд Ван И хэлсэн
байна.
Худалдааны
чөлөөт бүсийн ерөнхий хэлэлцээрийг баталсан ASEAN-Хятадын уулзалтын үеэр
мансууруулах бодисын худалдаа, хүмүүсийг хууль бусаар хил дамжуулан нэвтрүүлэх,
терроризм, зэвсгийн хууль бус наймаа, мөнгө угаах болон олон улсын эдийн
засгийн гэмт хэрэг, интернэтийн гэмт хэрэг гэх мэт шинэ тутам тулгарч буй
аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах мэдэгдэлд мөн гарын үсэг зурсан
байна.
ASEAN-тай
байгуулах худалдааны чөлөөт бүсийн үр ашгийг олон улсын хамтын нийгэмлэг
хараанаасаа гадуур байлгасангүй. ASEAN-Хятадын худалдааны чөлөөт бүс байгуулсан
тухай мэдэгдсэний дараа Япон, Энэтхэг, БНСУ, АНУ болон Европын холбоо ASEAN-тай
худалдааны чөлөөт бүс байгуулах саналаа дараалан илэрхийлсэн байна. ASEAN нь
Япон улстай эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр худалдааны
чөлөөт бүсийн зарим нэг шинжийг агуулсан гэрээтэй билээ. Тун саяхан АНУ-ын
ерөнхийлөгч Жорж Буш ASEAN-тай явуулах бизнесийн талаар шинэ бодлогыг
тодорхойлсон байна.
“ASEAN-Хятадын
түншлэл нь гагцхүү оролцогч хоёр талд ашигтай бөгөөд дэлхий нийт улам ойртон
нэгдэх тусам Азид бүс нутгийн нэгдэл үүсэхийг шаардаж байна. Удирдагчид өөр
хоорондоо “Хөшиг татах”–аас илүүтэйгээр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд суралцаж
байна” гэж ASEAN-ний ерөнхий нарийн бичгийн дарга ноён Си Северино хэлсэн
байна.
Энэхүү үйл явц
нь хоёр талын хувьд улс төрийн итгэлцлийг бэхжүүлэх бас нэгэн хэлбэр болж
байгааг харгалзан манай улс энэхүү шинэ хамтын ажиллагаанд хэрхэн хамрагдаж
болох талаар цаашид ажиглан судлах болно.
Эх сурвалж:
“China International Business” сэтгүүл №2003\01 сар, 20-21 дүгээр хуудас
ТАНИЛЦСАН:
ЭЛЧИН САЙД Л.АМАРСАНАА
БОЛОВСРУУЛСАН:
ГУРАВДУГААР
НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Явуулах нь:
1.
ГХЯ-ны
Хөрш орнуудын газар
2.
Үйлдвэр,
худалдааны яам
3.
Санхүү,
эдийн засгийн яам
Үлдэх хувь
Post a Comment