Орос, Хятад улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байдал, төлөв
ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ
2003 оны 10 дугаар
сарын 21-ны өдөр Дугаар Бээжин
хот
Орос, Хятад улсын эдийн засгийн хамтын
ажиллагааны байдал, төлөв
Манай улсын
хоёр хөрш Орос, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагаа 1999 оноос эхлэн
тогтвортой өсч байгаа бөгөөд ялангуяа сүүлийн жилүүдэд хоёр талын худалдааны
эргэлт огцом нэмэгдэж Орос улс Хятадын тэргүүлэх 10 том худалдааны түнш
орнуудын тоонд багтах болжээ. Орос-Хятадын худалдааны эргэлт 2001 онд 33.3
хувиар нэмэгдэж 10.67 млрд ам.долларт хүрч байсан бол 2002 онд 35%, 2003 оны
эхний хагас жилийн байдлаар 25 хувь тус тус өссөн байна.
Орос улсаас
Хятад улсад хийгдэж буй экспортын дийлэнх хувийг машин, тоног төхөөрөмж, төмөр,
эрдсийн түлш, химийн бүтээгдэхүүн, мод, модон бүтээгдэхүүн, далайн бүтээгдэхүүн,
өнгөт металл, целлюлойд эзэлж байна. Харин Хятадаас Орос улсад хийгдэж буй
экспортын дийлэнхийг гэр ахуйн цахилгаан техник, электрон бараа, арьсан
бүтээгдэхүүн, оёмол нэхмэл бүтээгдэхүүн, хувцас, химийн бараа, тоглоом эзэлж
байна.
Орос-Хятадын хөрөнгө
оруулалт, техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд ихээхэн хурдацтай хөгжиж
байна. Орос улсад Хятадын хөрөнгө оруулалттай компани байгуулах зөвшөөрөл авсан
хятадын аж ахуйн нэгжийн (цаашид “ААН” гэх) тоо 2003 оны эхний байдлаар нийт
482 байгаа ба эдгээр ААН-үүд дэх хятадын талын шууд хөрөнгө оруулалт 207 сая
ам.долларт хүрчээ. Орос дахь Хятадын хөрөнгө оруулалттай ААН-ийн тоо 2002 онд
27-оор нэмэгдэж нийт 35.5 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
Хятадын талын мэдээллээс үзэхэд 2003 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар Хятад
улс дахь Оросын хөрөнгө оруулалттай ААН-ийн тоо 1413 болж, нийт шууд хөрөнгө
оруулалт нь 303.2 сая ам.долларт хүрчээ. (Хятадын худалдааны яамнаас
тогтоосон журмаар 1 сая ам.доллароос дээш үнийн дүнтэй хөрөнгө оруулалт хийх,
эсвэл дээр дурдсанаас бага дүнтэй хөрөнгө оруулалтыг Хятадын муж болон бусад
засаг захиргааны байгууллагаас гадаадад хийх тохиолдолд заавал тус яамнаас
зөвшөөрөл авдаг байна.)
Оросын томоохон
аж ахуйн нэгжүүд 1996-2001 оны хооронд Хятад улсын “Иминь”, “Хуанэн-Бээжин”,
“Цисянь-Паньшань” болон “Суйжун” зэрэг оросын тоног төхөөрөмж бүхий 4 томоохон
цахилгаан станцийг барьж ашиглалтад оруулсан.
Сүүлийн үед
тогтмолжиж буй Орос Хятадын засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтын дүнд хоёр
улсын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа амжилттай өргөжин тэлж
байна. Тогтмол зохиогддог Засгийн газрын тэргүүнүүдийн хуралдааныг зохион
байгуулах Комисст нийт 8 салбарын дэд
комисс ажилладаг. Үүнд: эдийн засаг худалдааны, шинжлэх ухаан-техникийн, цэргийн
техникийн, банк хоорондын хамтын ажиллагааны, цөмийн асуудлаарх, эрчим хүч,
тээвэр, сансрын дэд комиссууд багтдаг байна.
Орос-Хятадын
хооронд хийгдэж буй өнөөгийн худалдаа нь бараа, бүтээгдэхүүний бүтэц,
механизмын хувьд төдийлэн сайн боловсронгуй бус байгааг ойрын хугацаанд өөрчлөх
шаардлагатай гэж Оросын тал үздэг бөгөөд сүүлийн үед энэ чиглэлээр ихээхэн
шаргуу ажиллах болсон. (2003
оны 9 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Бээжин хотод зохион байгуулагдсан
“Орос-Хятадын Засгийн газрын тэргүүнүүдийн ээлжит 8 дугаар хуралдааны үеэр асуудлыг
нэг мөр цэгцлэх зорилгоор хамтын ажиллагааны протокол байгуулсан байна.) Оросын талын мэдэгдэж байгаагаар сүүлийн
жилүүдэд хоёр орны худалдаа тоо хэмжээний хувьд нэмэгдэж байгаа ч чанарын хувьд
буюу барааны төрлийн хувьд хангалтгүй байгаа учраас хоёр талын худалдаанд машин
тоног төхөөрөмж болон боловсруулалт өндөртэй бараа бүтээгдэхүүний хувь хэмжээг
нэмэгдүүлэх зорилт тавьж байна.
Хамтын
ажиллагааны хүрээнд тавигдаж буй нэг томоохон чиглэл бол 1999 оны сүүлчээр батлагдсан
Хятадын баруун бүсийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд зам тээвэр, цахилгаан эрчим
хүч болон экологийн чиглэлийн томоохон төслүүдэд Оросын холбогдох мэргэжлийн
ААН-үүдийг хамруулах, мөн нефть, байгалийн хий, өнгөт металлын салбарт төсөл
хэрэгжүүлэх явдал юм.
Хятадын тал
Оросын ойн аж ахуй, нэхмэлийн үйлдвэрлэл, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл,
барилга, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэл зэрэг салбарт хөрөнгө оруулах
сонирхолтой байдаг байна.
Энэ оны 5
дугаар сард Хятад улсын дарга Ху Жинтао Орос улсад хийсэн төрийн айлчлалын үеэр
Орос улсаас Хятадад түүхий нефть нийлүүлэх шугамыг Ангарск-Дацингийн чиглэлээр тавихаар хоёр тал тохирч гэрээ байгуулсан боловч
Оросын талаас шалтгаалан тодорхой бус болоод байгаа энэ үед “Орос-Хятадын
Засгийн газрын тэргүүнүүдийн ээлжит 8 дугаар хуралдаан” Бээжин хотноо болж
Оросоос Хятад улсад жилд 5.5 сая тонн нефть төмөр замаар нийлүүлэх гэрээнд хоёр
тал гарын үсэг зурсан билээ.
Үүний дараахан
буюу 10 дугаар сарын 6-нд Хойд транс Азийн төмөр замын хорооны хоёрдугаар хуралдаан
Улаанбаатар хотноо зохиогдож тус хуралдааны үеэр Монголын төмөр зам өөрийн ачаа
тээврийн тарифийг 50% бууруулснаа зарласан нь Орос-Хятадын хооронд төмөр замын
өөр хэд хэдэн боомтууд ажиллаж байгаа өнөөгийн нөхцөлд цаг үеэ олсон алхам
болсон. Мөн саяхан буюу 10 дугаар сарын дундуур Оросын газрын тосны магнат,
“Юкос” компанийн эзэн Михайл Ходоровский “Оросын Засгийн газар Ангарск-Дацингийн
чиглэлээр тавихаар төлөвлөсөн төслөө удаашруулж байгаа тул жилд 10-15 сая тонн
нефтийг төмөр замаар Хятадад экспортлох болно. Төмөр замын тарифыг саяхан
шинэчилэн бууруулж тогтоосон нь жилд 15 сая тонн түүхий нефтийг Хятад улсад
экспортлох боломжийг олгож байгаа ба бид холбогдох дэд бүтцэд 100 хүрэхгүй сая
ам.долларын хөрөнгө оруулалт хийхэд л хангалттай юм” гэж мэдэгдсэн тухай Far Eastern Economic Review
сэтгүүлд (FEER 32pp, Oct16,2003) тэмдэглэсэн байна. Үүнээс үзэхэд манай улсын
төмөр зам, авто замаар дамжин тээвэрлэгдэх нефть бүтээгдэхүүний хэмжээ нэлээд
өсөх боломж бий болж ч магадгүй байна.
Хятадын Ерөнхий
сайд Вэнь Зябаогийн урилгаар ОХУ-ын Ерөнхий сайд М.М. Касьяанов 2003 оны 9
дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Хятадад хийсэн албан ёсны айлчлалын үеэр
“Орос-Хятадын Засгийн газрын тэргүүнүүдийн ээлжит 8 дугаар хуралдаан” зохион
байгуулагдсан ба уг хуралдаанаас гарсан баримт бичигт хоёр орны эдийн засаг,
худалдааны дараах асуудлуудыг чухалчлан үзэхээ мэдэгдсэн байна.
Үүнд:
-
хоёр талын худалдаанд машин, тоног төхөөрөмж болон
боловсруулалт өндөртэй бараа бүтээгдэхүүний хувь хэмжээг нэмэгдүүлэх,
-
хоёр орны хооронд ихээхэн хэмжээгээр
худалдаалагддаг барааны худалдааны орчин, механизмыг тогтвортой, үр ашигтай
болгох чиглэлээр тогтмол харилцан зөвлөлдөх, мэдээлэл солилцох замаар хамтран
ажиллаж улмаар худалдааны маргааныг
багасгах,
-
Орос улс ДХБ-д элсэх нөхцлийг тохирох хоёр талын
хэлэлцээнд тулгараад буй санал зөрөлдөөнтэй асуудлуудыг яаралтай шийдвэрлэж
улмаар Орос улс ДХБ-д элсэхэд холбогдох баримт бичгүүдийг анхлан байгуулсан
орнуудын тоонд Хятад улс багтах,
-
Орос-Хятадын худалдааг журамлан зохицуулах
хамтарсан ажлын хэсэг өнөөгийн “Зохион байгуулалт муутай” байгаа худалдааг
сайжруулах практик ажлыг эхлүүлэх
-
Машины үйлдвэрлэл, нэхмэл, электроникийн
үйлдвэрлэл, холбоо харилцаа, ойн аж үйлдвэрлэл, хамтарсан үйлдвэр байгуулах
зарчмаар мод, модон бүтээгдэхүүнийг оросын нутагт гүн боловсруулалт хийх
-
Оросын Сибирь, Алс дорнодын бүс нутгийн нөөц
баялгийг эзэмшин ашиглах үйл явц дахь Хятадын оролцоог хөхиүлэн дэмжихээ Оросын
тал илэрхийлэв.
-
Хятадын Баруун бүсийг хөгжүүлэх стратегийг
хэрэгжүүлэх үйл явц дахь Оросын оролцоог хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ хамтын
ажиллагааны үндсэн чиглэлүүд болон боломжтой төслүүдийг хамтран боловсруулахад
бэлэн байгаагаа Хятадын тал илэрхийлэв.
-
ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд 2003 оны
5 дугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдэлд
туссан зарчмын үндсэн дээр эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны төслүүдийг
амьдралд хэрэгжүүлэх. Орос, хятадын компаниуд нефть хоолой барих, ашигт малтмал
ашиглах, түүхий нефтийг Хятадад төмөр замаар нийлүүлэх зэрэг төслүүдэд хамтран
ажиллах, байгалийн хийн салбарын цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явцад
оролцогч орос, хятадын компаниудад дэмжлэг үзүүлэхээр тохиролцов.
Орос-Хятадын
Засгийн газрын тэргүүнүүдийн 7 дугаар хуралдаанаар Орос-Хятадын эдийн засаг
худалдааны хэтийн төлөвийг тодорхойлсон бөгөөд 2010 он гэхэд хоёр талын
худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан.
Орос улс ДХБ-д элсэх асуудлаарх Хятадын байр
суурь
Орос улс ДХБ-д
элсэх чиглэлээр 8 жилийн турш эрчимтэй үйл ажиллагаа явуулж ирсэн ба энэ
хүрээнд хоёр талын болон олон талын худалдааны яриа хэлэлцээг ДХБ-ын гишүүн
орнуудтай эрчимтэй хийж байна. Өнгөрсөн 8 дугаар сарын дундуур Хятадын
Худалдааны сайд Лю Фу Юань Орос улсад хийсэн айлчлалын үеэр Оросын Эдийн
засгийн хөгжил, Худалдааны Сайд Грефийн мэдэгдсэнээр Орос улс эдгээр
хэлэлцээрийг 2004 он гэхэд дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд улмаар 2005-2006 он
гэхэд Оросын Холбооны улс ДХБ-ын гишүүнээр элсэхээр төсөөлөлтэй байсан.
Хятадын
ажиглагчдын үзэж байгаагаар уг үйл явц Сайд Грефийн төлөвлөсний дагуу хэвийн
явагдаж болох боловч хэлэлцээний эцсийн шатуудад “улс төрийн зарим бэрхшээлтэй
асуудал” бий болж тээг учруулж болохыг үгүйсгэхгүй байна. Ялангуяа сүүлийн үед
хоёр орны газрын тосны хоолойн төсөлтэй холбоотойгоор бий болоод буй тодорхой
бус байдал нь дээр дурдсан хэлэлцээний явцад нөлөө үзүүлж болох юм гэж мэдэгдэж
байна. Үүний зэрэгцээ энэ оны 10 дугаар
сарын эхээр Брюссельд болсон Оросыг ДХБ-д элсүүлэхтэй холбоотойгоор Европын
холбоотой хийж эхэлсэн хэлэлцээний үе шат
нэлээд бэрхшээлтэй явагдсан учраас гишүүнээр элсэх хугацаа дахин нэг
жилээр сунгагдах бололтой.
Хятадын дээд
удирдлагууд Орос улсыг Дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх асуудлыг
тууштай дэмжих болно гэдгээ удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд стратегийн
түншлэлийн хүрээнд газрын тос, байгалийн хийг хамтран ашиглах талаар дээд
түвшинд тохиролцсон боловч уг асуудал Оросын талаас шалтгаалан дахин тодорхой
бус байдалд ороод байгаа нь Хятадын талд хүндээр тусч, энэ нь Хятад, Оросын
хамтын ажиллагаанд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа талаар хятадын хэвлэлүүд
нэлээд бичиж байна.
Орос улс ДХБ-д
элсэх асуудал нь бүх талаар Хятад улсын ашиг сонирхолд нийцэж байгаа ба үүний
дүнд хоёр орны худалдааны эргэлт хурдасч, худалдаатай холбоотой хүндрэлтэй
асуудлуудыг ДХБ-ын дүрэм журмын хүрээнд шийдвэрлэх боломж бүрдэх юм.
Орос-Хятадын тээврийн салбарын хамтын ажиллагаа
Орос, Хятад
хоёр хил залгаа хөрш улсуудын хувьд тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлыг
эдийн засгийн хамтын ажиллагааны гол асуудал гэж үздэг ба Засгийн газрын
тэргүүнүүдийн тогтмол уулзалтыг зохион байгуулах Комисст багтдаг Тээврийн дэд
комисст тээврийн төрлөөр төрөлжсөн 4 ажлын хэсэг ажилладаг.
Хоёр орны
хоорондох зорчигч тээврийн үйлчилгээ болон транзит тээврийн үйлчилгээг голчлон
агаарын тээвэр, төмөр зам, автозамын тээвэр гүйцэтгэдэг байна. Зорчигч тээврийн
үйлчилгээний дийлэнх хувийг агаарын тээврээр хийдэг. “Аэрофлот” компани долоо
хоногт Москва-Бээжин-Москва чиглэлд 6 удаа, Шанхай руу 2 удаа, “Сибирь” компани
долоо хоногт тус тус 2 удаа Новосибирск-Тяньжин, Новосибирск-Бээжин, Новосибирск-Өрөмч,
Бээжин-Москва, Санкт-Петербург, Ханновер,
Мюнхен, Тель-Авивийн чиглэлд тогтмол нислэг үйлддэг байна.
Бүс нутгийн хэмжээний
зорчигч тээврийн нислэгт “Владивосток Эйр” (долоо хоногт-2 удаа Владивосток-Харбин),
“Самара” (долоо хоногт 1 удаа Самара-Новосибирск-Иркутск-Тяньжин), “Даль Авиа”
(долоо хоногт 2 удаа Харабровск-Харбин), “Байкал” (долоо хоногт 2 удаа Иркутск-Шэньян
1 удаа Иркутск-Далянь) зэрэг компанууд тогтмол үйл ажиллагаа явуулж байна.
Хятадын талаас “Эйр
Чайна”, “Зүүн хятадын агаарын компани” болон “Шинжааны авиакомпани” зэрэг
компанууд Москва руу долоо хоногт 4 удаа тогтмол нислэг үйлддэг байна.
Галт тэргийн
зорчигч тээврээр Орос-Хятадын хооронд 100 орчим мянган хүн зорчдог бөгөөд үүний
45 хувийг №3/4 дугаартай Москва-Бээжингийн (Забайкальск) чиглэл, 35 хувийг №19/20
дугаартай Москва-Бээжингийн (Эрээн-Наушки) чиглэл, 20 орчим хувийг №217/218 дугаартай
Харбин-Владивосток/Хабаровскийн (Суйфэньхэ) чиглэл тус тус эзэлдэг байна..
Хилийн
худалдаанд автотээвэр томоохон үүрэг гүйцэтгэдэг ба 2000 онд Биробиджан-Хэган,
Пограничный-Суйфэньхэ, Покровка-Дунин, Уссурийск-Суйфэньхэ зэрэг шинэ
боомтуудыг нэмж нээсэн байна.
Ачаа тээврийн
ихэнх хувийг төмөр замын тээвэр эзэлдэг ба хоёр орны хилийн 3 гарцаар 2000 онд
нийтдээ 10 сая тонн ачаа тээвэр хийгдсэн байна.
БОЛОВСРУУЛСАН:
ГУРАВДУГААР
НАРИЙН
БИЧГИЙН ДАРГА Б.БАТЖАРГАЛ
Явуулах нь:
1.
Санхүү,
эдийн засгийн яам
2.
Үйлдвэр
худалдааны яам
3.
Дэд
бүтцийн яам
4.
ГХЯ-ны
Хөрш орнуудын газар
5.
Төмөр
замын хэрэг эрхлэх газар
6.
Үлдэх
Post a Comment