Квотын систем ба Монгол улсын оёдлын экспортын гадаад орчин
ТАНИЛЦУУЛАХ МЭДЭЭ
2005 оны 2 дугаар
сарын 21 -ний өдөр Дугаар Бээжин
хот
Квотын систем ба Монгол улсын оёдлын экспортын гадаад
орчин
Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн Гэрээний нэг болох
“Оёмол эдлэл, хувцасны Гэрээ”-ны хүчин төгөлдөр байх хугацаа уг Гэрээнд заасны
дагуу 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Энэхүү квотын
систем нь анх 1974 онд АНУ, Европын холбоо, Канад зэрэг улсууд Азийн голдуу гуч
гаруй орны экспортод квот тавьсанаас үүсчээ.
Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний квотын систем байхгүй
болсноор энэ салбарт харьцангуй давуу талтай улсуудын (Хятад, Энэтхэг, Пакистан
г.м) зах зээл тэлэгдэн өргөжихийн хамт квотд тулгуурлан хөгжиж байсан орнууд
(Бангладеш, Шри-ланк гэх мэт) баталгаат зах зээлээ алдаж зах зээлийн сонгодог
зарчмаар өрсөлдөх шаардлагатай болж байна. Оёмол бүтээгдэхүүний түүхий эдийн
үйлдвэрлэлээс авахуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх бүх үйл ажиллагааг
цогцоор нь явуулдаг хямд ажиллах хүчтэй, өндөр технологитой үйлдвэрүүд л өндөр
чанар, хамгийн хямд үнийг тогтоож, зах зээлээ тэлэх таатай боломж бүрдэж байна.
Хятад улс ДХБ-д элсэж, үүний зэрэгцээ хувцасны квотын
систем байхгүй болсноор Хятад улс дэлхийн хувцасны зах зээлийн 25 хувийг
хяналтдаа авах бөгөөд Хятад улс 2005 он гэхэд дэлхийн экспортын 45 хувийг хянах
болно гэсэн тооцоог Дэлхийн банкны мэргэжилтнүүд хийжээ.
Хэдийгээр квотын системыг халсан ч ДХБ-ын гишүүн орнууд
анти-дампингын, анти-субсидын, хамгаалах арга хэмжээ (safeguard measures),
тусгай хамгаалах аргуудыг (special safeguard measures) зэрэг худалдааны эсрэг
тодорхой арга хэрэгслүүдийг ашиглан дотоод зах зээлээ хамгаалах боломж нээлттэй
байгаа юм. Тухайлбал Хятад улс ДХБ-д элсэн ороход байгуулсан “Элсэн орох баримт
бичиг”-т “ДХБ-ын гишүүн аливаа улс хэрэв
хятадын оёмол бүтээгдэхүүний импорт тухайн улсын дотоод зах зээлийн хэвийн
байдлыг алдагдуулах, эсвэл худалдааны хэвийн зохистой нөхцөлд аюул учруулахаар
байвал хятадын импортыг хязгаарлаж болно” гэж заасан байна.
Турк улс 2004 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буюу дэлхий
нийтээр квотын системыг халахаас 7 хоногийн өмнө хятадын 42 төрлийн оёмол
бүтээгдэхүүний импортын эсрэг тусгай хамгаалах арга хэмжээ (special safeguard
measures) авч хэрэгжүүлсэн нь хятадын талын хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад
байна. Хятадын тал удаа дараа эсэргүүцэл илэрхийлсний дараа Турк улсын Ерөнхий
сайдын орлогч Абдуллах Гул 2005 оны 2 дугаар сарын эхний өдрүүдэд БНХАУ-д
хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Турк, Хятад улсын хооронд үүсээд буй
худалдааны маргаантай асуудлыг аялал жуулчлалын салбар, Иракын сэргээн
босголтод хамтран ажиллах гэх мэт эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх
замаар шийдвэрлэх боломжтой” гэж мэдэгдсэн нь байдлыг намжаагаад байна.
АНУ, Европын холбоо нь Монгол улсын оёмол бүтээгдэхүүн,
хувцасны экспортод жинтэй хувь эзэлдэг томоохон зах зээл тул оёмол
бүтээгдэхүүн, хувцасны квотын системыг тарифын системээр сольсоноор манай улсын
экспортод үзүүлж болох нөлөөллийг АНУ-Хятад, Европын холбоо-Хятадын оёмол
бүтээгдэхүүн, хувцасны худалдааны төлөв байдлаас баримжаалж болох юм.
Хятад улс
Өнгөрсөн гуч гаруй жилийн туршид нэхмэл, оёмол
бүтээгдэхүүнийг өндөр зардлаар үйлдвэрлэгчдийг хамгаалж байсан энэхүү квотын
системийг халснаар зардал багатай, өндөр үр ашигтай Хятадын үйлдвэрлэгч нар зах
зээлийн хүрээгээ өргөжүүлэн тэлэх боломж бүрдэж байна.
Хятадын
эдийн засгийн өсөлтийн өндөр хурдац нь “эдийн засгийн глобальчлал”-ын шууд
тусгал бөгөөд олон улсын үндэстэн дамнасан корпорацууд энэхүү өсөлтийн хурдцад
ихээхэн нөлөө үзүүлсэн. 2004 оны 1 дүгээр сарын байдлаар Хятад улс нийт 501,5
тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татан оруулж, улмаар
гадаадын хөрөнгө оруулалтыг хамгийн их татдаг АНУ-ын дараа бичигдэх болжээ. Мөн
Хятад улсын нийт гадаад худалдааны эргэлт 2004 онд 1.1 триллион ам.долларт
хүрснээр худалдааны эргэлтийн хэмжээгээрээ АНУ, Германы дараа буюу дэлхийд
гуравдугаар байранд орох болсон.
Квотын системийг халсны дараа Хятадаас АНУ, Европын
холбоо руу хийж буй оёмол эдлэл, хувцасны экспорт маш богино хугацаанд 150
гаруй хувиар өсөх болно[1].
Ирэх жилүүдэд тэдгээр орнуудад гаргах Хятадын экспорт жилд 20 гаруй хувиар
өсөхөөр байна. Хятад улс 2003 онд дэлхийн нийт оёмол эдлэл, хувцасны 17 хувийг
үйлдвэрлэсэн бол 2005-2007 онуудад энэ харьцаа 50 хувьд хүрэх болно гэж Дэлхийн
худалдааны байгууллагаас мэдэгджээ.
Хятадын Үндэсний Оёдлын Үйлдвэрлэлийн Зөвлөлийн
мэдээллийн төвөөс хийсэн судалгаагаар 2004 оны 6 дугаар сарын
байдлаар хятадад нийт 28238 оёдлын үйлдвэр байгаагаас 24,6 хувь буюу 6942
үйлдвэр ашиг, алдагдалгүй ажиллаж байна. Хятадын оёмол эдлэл, хувцасны салбарт нийт 15 сая
ажилчин ажиллаж байна[2]
гэсэн мэдээ байна. Олон Улсын Чөлөөт худалдааны холбоодын нийгэмлэгээс
(International Confederation of Free Trade Unions) гаргасан мэдээлэлд Хятадын
оёдлын үйлдвэрийн ажилчны цалин Индонезийн оёдолчин ажилчны цалингаас 2 дахин
бага, Малайз, Филлипиний оёдолчин ажилчнаас 4 дахин бага, Мексикын оёдолчин
ажилчнаас 5 дахин бага, Тайваны оёдолчин ажилчны цалингаас 20 дахин бага байдаг
гэж дурджээ[3].
Хятад улсын оёдлын үйлдвэрлэлийн салбар 2004 онд 2.64
триллион юаний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өмнөх оныхоос 22.79 хувиар өссөн
байна. Үүний 69.75 хувийг дотоодын зах зээлд борлуулж, 30.25 хувийг гадаадад
экспортлосон байна. Хятад улс сүүлийн жилүүдэд оёдлын үйлдвэрлэлийн салбартаа
технологийн шинэчлэл хийх бодлого баримталсны дүнд 2002-2004 онуудад нийт 12
тэрбум ам.долларын үнэ бүхий оёдлын техник төхөөрөмж импортолжээ[4].
Дотоодын “үнийн дайн”-аас сэргийлэх арга хэмжээ авч
эхэллээ.
Европын холбоо 2002 оны 1 дүгээр сард хятадын 30 гаруй
оёмол бүтээгдэхүүний квотыг цуцалсны дараа экспортын хэмжээ өссөн боловч
хятадын дотоодын компануудын дунд явагдсан үнийн дайны улмаас хятадын экспортын
барааны үнэ 41 хувиар унаж, улмаар Европын холбооны импортлогч орнуудын зүгээс
хятадын оёмол бүтээгдэхүүнд дампингын эсрэг худалдааны хориг тавихад хүргэсэн
явдал 2005 оны эхэнд дахин давтагдахаас хятадын эрх баригчид ихээхэн
болгоомжилж, төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Квотын систем хүчингүй
болсноор хятадын оёмол эдлэл, хувцасны экспорт огцом нэмэгдэж бусад орны эдийн
засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг сааруулах чиглэлээр Хятад улс өөрөө санаачлан
тодорхой хязгаарлалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг АНУ, Европын холбооноос
Хятад улсад санал болгосон. Хятадын Засгийн газраас 2004 оны эцсээр дээрх
саналд хариу болгон 8 төрлийн томоохон арга хэмжээг шат дараатай авч
хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэнээс хамгийн түрүүнд экспортын шинэ татвар бий
болгох ажлыг эхлүүлсэн. Хятадын Засгийн газраас зарим нэр төрлийн хувцаст
экспортын тогтмол татвар тогтоох болсон тухай шийдвэрийг 2004 оны 12 дугаар
сарын 27-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилсан.
Оёмол бүтээгдэхүүн, хувцаст шинэ төрлийн экспортын татвар
тогтоов.
Экспортын шинэ татварыг
хувцасны үнэлгээнд хувиар ногдуулах бус хувцасны тоо хэмжээнд ногдуулж байгаа
нь онцлог юм. Экспортод гарч буй бүтээгдэхүүний тооны хэмжээг бус өндөр чанар,
шилдэг загварыг чухалчлан үзэх бодлогын үүднээс энэхүү татварыг бүтээгдэхүүний
үнэлгээнд бус тоо хэмжээнд ногдуулж байгаа юм байна. Ийнхүү тогтмол татвар
ногдуулснаар хятадын оёдлын үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний экспортын үнэлгээг 2-4
хувиар нэмэгдүүлж байгаа бөгөөд энэхүү татвар нь хөгжингүй орнууд руу гарч буй
үнэ өндөртэй хувцасны экспортод маш бага хувиар нөлөөлж байгаа бол буурай
хөгжилтэй орнууд руу гарч буй үнэ багатай хувцасны экспортод нэлээд өндөр
хувийн дарамт болж байна гэсэн тооцоог хятадын албаны хүмүүс АНУ-ын Олон улсын
худалдааны орлогч сайдад хийсэн мэдээлэлдээ дурджээ.
Хятадын Сангийн яамнаас гаргасан мэдээллээс иш татвал
энэхүү экспортын шинэ татварыг шилжилтийн үеийн арга хэмжээ болгон 2005 оны 1
дүгээр сарын 1-ний өдрөөс 2007 оны 12 дугаар сар хүртэл хугацаанд 1) гадуур
хувцас, 2) банзал, 3) цамц, 4) өмд, 5) унтлагын хувцас, 6) дотуур хувцас зэрэг
нийт 7 төрөл ангийн 33 төрөл зүйлийн 148 төрлийн хувцаст ногдуулах юм.
Хятадын Гаалийн газраас авсан мэдээлэлд экспортын барааны
үнээс хамааруулж шинэ татварыг шатлалтайгаар тогтоосон тухай дурджээ. Тоо
хэмжээ нь ширхгээр хэмжигддэг бүтээгдэхүүнд 0.3 юань/ш, үнэ багатай
бүтээгдэхүүнд 0.2 юань/ш гэсэн ялгавартайгаар экспортын шинэ татварыг
ногдуулна. Тоо хэмжээ нь жингээр хэмжигддэг бүтээгдэхүүний хувьд нэгэн жигд 5
юань/ш хэмжээтэй татвар ногдуулах юм байна. Татварын ачааллыг тооцоолж үзвэл
энэхүү шинэ татварын дарамтын дундаж нь 1.3 хувь болж байна. Энэ нь үнэ
багатай, чанар муутай бүтээгдэхүүнд ногдох татварын ачаалал нь их, үнэ
өндөртэй, чанар сайтай бүтээгдэхүүнд ногдох ачаалал бага байгаа нь Хятад улсын
оёдлын бүтээгдэхүүний экспортын бүтцээ сайжруулах бодлогын тусгал юм. Хятадын
Засгийн газраас Хятад дахь дотоод, гадаадын компануудад өрсөлдөөний шударга
орчин бий болгох, татварын системыг хялбарчлах зорилгоор үндсэн худалдаа
(general trade), дамжуулсан худалдаа (processing trade)-нд татварын адил тэгш
бодлого баримтлахаар шийдвэрлэсэн бөгөөд экспортын шинэ татварыг 9 төрлийн
худалдаанд (үндсэн худалдаа, хил дээрх жижиг худалдаа, бартерийн худалдаа гэх
мэт) ногдуулахаар болжээ.
Квотын систем байхгүй болохоос өмнө АНУ болон Европын
холбооны улсууд дотоодын зах зээлээ хамгаалах тодорхой арга хэмжээнүүдийг авч
хэрэгжүүлэх боловч эдгээр арга хэмжээний хүрээнд Хятадаас бусад орны өндөр
өртөгтэй оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн барааг худалдан авсаар байна гэсэн
үг биш юм. АНУ-ын оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн институтээс хийсэн
тооцоогоор квотын систем байхгүй болсноор Хятадын оёмол бүтээгдэхүүний экспорт
АНУ-ын оёмол бүтээгдэхүүний зах зээлийн гуравны хоёрыг хяналтдаа авахаар байна.
Тус институт энэ байдлаас сэргийлж дампингийн эсрэг тусгай татвар тогтоох
саналыг Засгийн газартаа тавиад байна. АНУ болон Европын холбооны улсууд хэрэв
хятадын импортын эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авахад хүрвэл эдгээр арга
хэмжээ нь чөлөөт худалдааны эсрэг алхам бус харин дотоодын зах зээлийн эрэлтийн
тодорхой хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс хангаж, үлдсэн хувийг хамгийн хямд
өртөгтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсуудаас хангах зорилгоор
хийгдэх юм гэдгийг удаа дараа мэдэгдсэн.
АНУ – Хятад
АНУ нь ДХБ-ын гишүүн орны хувьд бусад гишүүн орны нэгэн
адил 2005 оны 1 дүгээр сараас эхлэн квотын системыг тарифын системээр сольсон.
Квотын системыг халснаар нэн тэргүүнд Хятадын хямд үнэтэй
оёмол эдлэл, хувцас АНУ-ын дотоодын зах зээлийг эзэлж, дотоодын үйлдвэрлэгчид
хаалгаа барьж, нийт 600000 хүн ажлын байргүй болно гэсэн болгоомжлолын үүднээс
АНУ-ын Засгийн газар тарифын болон бусад бүх арга хэмжээг авах болов уу гэж
олон нийт таамаглаж байсан хэдий ч 2004 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нью Иорк
дахь АНУ-ын Олон улсын шүүхээс Бушийн засаг захиргаа хятадын оёмол
бүтээгдэхүүний эсрэг худалдааны ямар нэгэн хориг тавьж болохгүй гэсэн тогтоол
гаргасан нь олон нийтийн дунд ихээхэн шуугиан тарилаа.
Квот тогтоох зэрэг хамгаалалтын арга хэлбэрүүд үр дүн
муутай бөгөөд зах зээлийн өрсөлдөөн, өндөр чанар, хямд үнэ дээр үндэслэн өөрийн
жам ёсоор хөгжих боломжийг хааж, улмаар АНУ-ын дотоодын оёмол эдлэл, хувцас
үйлдвэрлэгчид бусадтай адил түвшинд өрсөлдөх дархлаагүй болгож байгаа тул
АНУ-ын Засгийн газар Хятад болон бусад орны эсрэг тарифын болон бусад бүх арга
хэмжээ авахгүй байх нь зүйтэй гэж Америкийн оёмол эдлэл, хувцас импортлогчдын
холбоо зэрэг байгууллагууд мэдэгдэж байна.
АНУ-даа нөлөө бүхий Америкын Хөдөлмөрийн Холбоо, Аж
үйлдвэрийн байгууллагуудын конгресс зэрэг хөдөлмөрийн байгууллагуудаас Засгийн
газартаа хандан Хятадын Засгийн газар ажиллагсадын эрх ашгийг ноцтой зөрчиж,
ажиллагсадын цалинг доогуур тогтоож, худалдааны давуу тал олж авч байгаа учраас
Хятадын экспортод хязгаарлалт тавих өргөдөл гаргасныг Бушийн Засгийн газар авч
үзээд үндэслэлгүй хэмээн буцаасан байна. Гэсэн хэдий ч Америкын үндэсний
үйлдвэрлэлийн төлөөлөл болсон олон байгууллагуудаас Засгийн газартаа хандан
Хятадын оёмол эдлэл, хувцасны экспортыг хязгаарлах талаар удаа дараалан өргөдөл
гаргасаар байна.
АНУ-ын оёмол эдлэл хувцас үйлдвэрлэгчдийн зүгээс Засгийн
газартаа хандан огцом нэмэгдэж буй Хятадын хямд үнэтэй оймсны импортыг
хязгаарлах талаар тавьсан хүсэлтийн дагуу АНУ-ын Засгийн газраас 2004, 2005 онд
“Хятадад үйлдвэрлэсэн оймсны импортын жилийн цэвэр өсөлтийг 7.5 хувиас
хэтрэхгүй” байлгах худалдааны хоригийг 2004 оны 10 дугаар сарын дундуур тавьсан
байна. (2003 онд Хятадаас АНУ-д хийсэн
оймсны экспорт өмнөх онтой харьцуулахад 370 хувиар нэмэгдсэн байна).
ДХБ-ын дүрэм журмын дагуу даавуун оймс нь оёмол
бүтээгдэхүүн, хувцасны квотын системд хамрагддаг байтал АНУ-ын Засгийн газар
оймс гэсэн нэрийн дор бүхэлд нь хориг тавьсан нь Бушийн Засгийн газар дотоодын
зах зээл, үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд ДХБ-ын дүрэм журмыг үл ойшоож байгааг
Хятадын тал цохон тэмдэглэж байна.
Европын Холбоо – Хятад
Хятадын гаалийн статистикийн мэдээллээс дүгнэлт хийхэд
оёмол бүтээгдэхүүн болон хувцасны экспорт нь Хятадын экспортын гол нэрийн 50
бүтээгдэхүүний тэргүүнд бичигддэг бөгөөд Европын холбооны гишүүн 25 улс нь
Хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцасны хамгийн том зах зээлүүдийн нэг нь юм.
1995 онд Европын холбоо Хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцаст ногдуулж
байсан 51 хувийн квотоо цуцалснаар хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцасны
зах зээл хурдацтай хөгжиж, улмаар 1999 онд хятадаас Европын холбоонд гаргасан
Хятадын квотгүй оёмол бүтээгдэхүүн болон хувцасны экспорт 1.9 тэрбум евро
байсан бол 2003 онд 3.8 тэрбум евро болж, огцом нэмэгдсэн. Европын холбоонд
хамгийн их оёмол эдлэл, хувцасны экспортлогч улс бол Хятад юм.
Квотын системыг халахаас өмнө Европын холбооны нийт оёмол
бүтээгдэхүүн, хувцасны импортын 20 хувь нь квотын системд хамаарагддаг байсан
байна. Хятад улсаас Европын холбоонд экспортлож буй нийт оёмол бүтээгдэхүүн,
хувцасны экспортын 12 хувь нь квоттой байжээ.
2004 оны
10 дугаар сарын 12-нд Европын холбооны худалдааны Комиссар “Хятадын
бүтээгдэхүүнүүд нэгэнт Европын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болсон тул
хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцаст олгодог Generalized System of
Preference (GSP) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системийг 2006 оноос эхлэн зогсоох
болсныг мэдэгдсэн.
Хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцас энэхүү
хөнгөлөлтийн системд хамрагдахгүй болсноор тарифын хөнгөлөлт эдлэхээ больж,
улмаар 12 хувийн тариф ногдохоор болж байна. Үүний улмаас Хятад улс 100 гаруй
сая ам.долларын оёмол бүтээгдэхүүн болон хувцасны зах зээлээ алдах болно гэж
шинжээчид тооцоолж байна.
Квот алга болсоны дараа Хятадын экспортын огцом өсөлт
Европын Холбооны зах зээлд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөлд Европын холбооноос авч
хэрэгжүүлэх арга хэмжээ, арга хэрэгслийн талаар Хятадын талтай оёмол
бүтээгдэхүүний худалдааны яриа хэлэлцээг хийж байна. Энэ зорилгын үүднээс
Европын холбоо-Хятадын хамтарсан хороог байгуулсан бөгөөд уг хороо нь хятадын
импортын байдал, төлөвийг ажиглах үүрэгтэй юм.
2005 оны 1 дүгээр сарын эхээр Европын холбооны оёдлын
үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо болох EURATEX-ээс Европын холбоонд хандан хятадын
оёдлын зарим бүтээгдэхүүний импортын эсрэг тусгай хамгаалах арга хэмжээ авах
талаар өргөдөл гаргаад байна.
Хятад улс бол НҮБ-ын UNCTAD байгууллагын Ерөнхий
Хөнгөлөлтийн Системд хамрагддаг 178 орнууд дотроос хамгийн их хөнгөлөлтүүдийг
эдэлдэг улс юм.
Хөгжиж буй орнуудаас хөгжингүй орнуудад гаргаж буй
экспортод ялгаваргүйгээр тарифын хөнгөлөлт үзүүлэх зорилгоор НҮБ-ын UNCTAD
байгууллагын хүрээнд Generalized System of Preference (GSP) буюу Ерөнхий
хөнгөлөлтийн системийг http://www.r0.unctad.org/en/techcop/trad0103.htm бий
болгосон байна. Одоогоор Европын холбооны 15 орныг багтаасан нийт 28 хөгжингүй
орны 16 хөнгөлөлтийн систем хүчин төгөлдөр үйлчилж байна. Эдгээр орнуудад мөн
Япон, Өмнөд Солонгос улс багтаж байна.
“Ерөнхий хөнгөлөлтийн
систем” шинэчилэгдэж байна
Европын Холбоо авсан амлалт, хүлээсэн үүргийнхээ дагуу
2005 оны 1 дүгээр сараас эхлэн оёмол, нэхмэл бүтээгдэхүүний квотоо хүчингүй болгосон. Үүнээс шалтгаалан
Бангладеш, Шри Ланк, Камбож зэрэг оёдлын үйлдвэрлэлд тулгуурлсан олон буурай
хөгжилтэй орнууд эдийн засгийн огцом уналтад орохоос хамгаалах зорилгоор Европын холбоо
Generalized System of Preference (GSP) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системээ
шинэчилж байна. Ийнхүү шинэчлэхдээ ядуу, буурай хөгжиж буй орнуудад түлхүү
хөнгөлөлт олгохыг анхаарах болно гэж Европын Холбооны Худалдааны комиссар Питер
Манделсон мэдэгдсэн.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд Ерөнхий хөнгөлөлтийн системийн
хүрээнд мөрддөг голлох шалгуур үзүүлэлт болох барааны гарал, үүслийн
тодорхойлолтыг өөрчилөхөөр судлаж байна. Ихэнх буурай хөгжилтэй орнууд
хөнгөлөлтөд хамрагддаггүй орнуудаас даавуу гэх мэт түүхий эдийг импортлож,
улмаар дотоодын хямд ажиллах хүчинд тулгуурлан оёдлын үйлдвэрлэл нь хөгжиж
байгаа тул одоогоор мөрдөж буй барааны гарал, үүслийг тодорхойлохдоо дотоодод
бүтээх нэмэгдсэн өртгийн хэмжээг 25 хувь байхаар тогтоох хувилбар(Canadian
cumulation formula)-ыг Европын холбоо судлаж байна.
Одоогоор шинэчлэгдэж буй Generalized System of Preference
(GSP) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системийг 2006 оны 1 дүгээр сараас дагаж мөрдөх
бөгөөд нийт 10 жил буюу 2015 хүртэл үйлчлэх юм. Пакистан, Бангладеш зэрэг
оёдлын үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засагтай улсууд шинэ Ерөнхий хөнгөлөлтийн
системийн талаар Европын холбоотой идэвхитэй яриа, хэлэлцээ явуулж байна.
Европын Холбооны шинэ Ерөнхий хөнгөлөлтийн систем нь
өмнөхөөсөө хялбар бүтэцтэй болсон бөгөөд дэлхийн 50 ядуу орнуудад “гаалийн
татваргүй”, “квотгүй”-гүй статус олгох юм байна. Шинэ системийн дагуу хөгжлийн
тусгай шалгуурыг хангаж буй улсуудад тарифын хөнгөлөлт үзүүлэх бөгөөд Пакистан
зэрэг улсууд хар тамхины эсрэг тэмцэл явуулж буй болон терроризмын эсрэг дайнд
оролцож буй зэрэг статустайгаар тарифын
хөнгөлөлтөд хамрагдахыг зорьж ихээхэн идэвхитэй ажиллаж байна.
Шинэ Ерөнхий хөнгөлөлтийн систем нь бүтцийн хувьд мөн
өөрчлөгдөн, шинэчлэгдсэн бөгөөд одоогийн байгаа 5 ангилалыг 3 болгон өөрчилсөн.
Үүнд: 1) Зэвсгээс бусад бүх зүйл-ерөнхий ангилал, 2) дэлхийн 50 ядуу буурай
орнуудын “гаалийн татваргүй”-гүй статус, 3) Хөгжлийн тусгай шалгуурыг хангаж
буй улсуудад үзүүлэх тарифын хөнгөлөлт багтаж байна.
Хятадын оёмол бүтээгдэхүүн,
хувцас яагаад хямд байна вэ?
2004 оны 3 дугаар сард АНУ-ын Оёдлын үйлдвэрлэгчдийн
институт (ATMI), АНУ-ын Үйлдвэрлэгчдийн худалдааны хөдөлгөөний эвсэл
(AMTAC)-ээс Туркын Оёдол, хувцас экспортлогчдын ассиоцаци (ITKIB)-тай хамтран
квотын системын хугацааг 2008 хүртэл сунгах тухай “Истанбулын Тунхаглал”
гаргасан бөгөөд үүнд Мексик, Итали, Бельги, Австри зэрэг улсууд нэгдэж гарын
үсэг зурсан байна. Уг тунхаглалд квотын системыг халсны дараа Хятад зэрэг
цөөхөн хэдэн улс дэлхийн оёмол эдлэл, хувцасны зах зээл дээр монопольчилж, зарим
улсын оёдлын үйлдвэрлэл унаж, ажилгүйдэл ихсэх талаар дурджээ.
Хятад зэрэг зарим улс орнууд өөрсдийн валютын ханшийг
зориудаар доогуур түвшинд барьсаар байгаагын зэрэгцээ Засгийн газраас субсид
олгох, төрөл бүрийн татварын буцаан олголтын хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зэрэг
замаар оёмол эдлэл, хувцасны экспортын үнийг 50-75 хүртэл хувиар доогуур
түвшинд тогтоож байгаа талаар энэхүү тунхаглалд тайлбарын хамт бичсэн
байна.
Хятадын бүтээгдэхүүний өөрийн өртөг хэт доогуур байдаг нь
ажиллах хүчний хямд зардалтай уялдаатайгаас гадна Хятад улс сүүлийн 10 гаруй
жил юаний ханшийг ам.долларын ханштай хатуу уясан бодлогоо тууштай баримталж,
дотоодын үйлдвэрлэгчиддээ экспортын барааныхаа үнийг хямд тогтоох боломжийг
олгож байгаа болон олон төрлийн татварын буцаан олголт, татварын хөнгөлөлтийг[5]
олгож байгаатай холбоотой. Эдгээр зохиомол хямд үнэтэй бараа нь зах зээл дээрх
ижил төстэй бусад барааг өрсөлдөх чадваргүй болгодог байна. Иим учраас АНУ-ын
Засгийн газар Хятадын бараа бүтээгдэхүүнд тарифын хязгаарлалт хэрэглэх нь үр
дүн муутай гэж үзэж байна.
Хятадын Засгийн газраас юаний ханшийг ам.доллартай
харьцуулж, хөдөлгөөнгүй хатуу барьж байгаа нь АНУ, Европын холбооны орнуудын
гадаад худалдааг алдагдалд оруулаад зогсохгүй тус улсуудын ажлын байрыг
хорогдуулж байна гэж АНУ, Европын холбоо болон хятадын худалдааны томоохон хөрш
орнууд үзэж байгаа тул юаний ханшийг бодитойгоор үнэлж хөвөгч ханшид
шилжүүлэхийг шаардсаар байна. Үүний хариуд Хятадын тал экспортын татварын
буцаан олголтын хувь хэмжээг бага зэрэг бууруулсан хэдий ч тэдгээр орнуудын
худалдааны алдагдал нэмэгдсээр байна. Өөрөөр хэлбэл Хятад улс экспортын
татварын буцаан олголтоор дамжуулан экспортын бүтээгдэхүүнийхээ үнийг маш бага
хэмжээнд тогтоож байгаа нь АНУ, Европын холбооны орнуудын худалдааны алдагдлыг
нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Хятадтай хийж буй АНУ-ын гадаад
худалдааны алдагдал 2003 онд 124 тэрбум ам.доллар байсан бол 2004 онд 140
тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Ийнхүү Хятадтай хийж буй АНУ-ын
худалдааны алдагдал нэмэгдсээр байх нөхцөлд АНУ худалдааны алдагдлаа цаашид
улам нэмэгдүүлэхгүй байх, дотоодын зах зээл, үйлдвэрлэгчидээ хамгаалах,
дотоодын ажлын байраа алдахгүй байх үүднээс хятадын хямд үнэтэй оёмол эдлэл,
хувцасны импортод худалдааны хязгаарлалт тавих байх гэсэн таамаглал байна.
Дээрх болгоомжлолын үүднээс АНУ, Европын холбоо, болон
бусад хөгжингүй орнуудын тодорхой сонирхолын бүлэглэлүүд дотоодын зах зээлээ
Хятадын хямд импортоос хамгаалах арга хэмжээ авахыг Засгийн газартаа тулгаж
байна. Хятадын эрх баригчид ДХБ-д элсэхийн тулд эдийн засаг, нийгмийн бүхий л
салбарт олон төрлийн бүтцийн өөрчлөлт хийх амлалт авч, багагүй хөрөнгө, хүч
зарцуулсан. Ийнхүү элссэнээр Квотын систем алга болсны дараа Хятад улс ДХБ-ын
бүрэн эрхт гишүүн орны хувьд өөрийн оёмол бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл
дээр тооны хязгаарлалтгүйгээр борлуулах эрхтэй болох юм.
Хятад улсаас ДХБ-д суугаа Элчин сайд Сунь Жэни 2004 оны
12 дугаар сард “Ирэх оноос квотын систем алга болсноос хөгжиж буй
орнуудын оёмол бүтээгдэхүүний экспорттой холбоотой гарч болох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд
Хятад улс бүхий л талаар дэмжин туслах болно” гэж мэдэгдсэн.
Монгол улсын оёдлын бүтээгдэхүүний экспортын төлөв
Манай улсын оёмол бүтээгдэхүүний өнөөгийн зах зээл
үндсэндээ АНУ болон Европын холбооноос манай улсад олгосон худалдааны таатай
нөхцөлд (квот) тулгуурлан хөгжсөн гэж үзэх үндэстэй юм. Ялангуяа АНУ-аас олгож
буй квот нь манай талд ихээхэн чухал бөгөөд квот алга болсны дараа гадаад
оёдлын захиалга хэрхэн өөрчлөгдөхийг манай оёдлын салбарынхан анхааралтай ажиглаж
байна.
Оёмол нэхмэл бүтээгдэхүүний квотын систем хүчингүй
болсонтой холбоотойгоор манай улсын оёдлын үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх
чадвар буурч улмаар үйлдвэрлэлийн хэмжээ багасахад хүрвэл тус салбарт ажиллаж
буй олон тооны эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудал, тэднийг дагасан орлого
багатай өрхүүдийн нийгмийн асуудал хөндөгдөж, улмаар гадаадын хөрөнгө оруулалт,
гадаад худалдааны тэнцэлд ч сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.
Нэхмэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь манай улсын
гадаад худалдааны 20 орчим хувийг[6] эзэлдэг
бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын сонирхлыг татдаг цөөхөн салбаруудын нэг
юм. Энэ салбар нь манай улсын 50 орчим мянган өрхийн бодит орлогыг санхүүжүүлж,
гадаад валютын орлогын нэг томоохон эх үүсвэр болдог утгаараа манай улсын эдийн
засгийн дотоод, гадаад тэнцвэрт байдалд ихээхэн нөлөөтэй салбар юм. Өнөөгийн
байдлаар манай улсад 100 гаруй оёдлын үйлдвэр (үүнээс 14 нь дотоодын хөрөнгө
оруулалттай)- т 20,000 гаруй хүн[7]
ажиллаж байна. Манай улс 2003 онд нийт 97 сая ам.долларын оёмол бүтээгдэхүүн
экспортлосон байна.
Аль ч шалгуураар авч үзсэн манай улсын оёмол, нэхмэлийн
үйлдвэрлэлийн салбарын өрсөлдөх чадвар Хятадынхаас хавьгүй доогуур байгаа.
Монгол, Хятад улсуудын оёдлын үйлдвэрүүдийн ажиллах
хүчний зардал ойролцоо учраас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өртөг хямдтай гардаг
боловч хятадтай харьцуулахад манай улсын хувьд тээвэрлэлтийн зардал өндөр, тээвэрлэх хугацаа урт байдаг нь хамгийн
хүндрэлтэй бэрхшээл болж байна.
Монгол, Хятадын оёдлын
үйлдвэрлэлийн салбарын
өрсөлдөх чадварын харьцуулалт
№
|
Үзүүлэлт
|
Хятад
|
Монгол
|
|
1
|
Ажиллах хүчний өртөг
Нэг хувцас оёх хөдөлмөрийн хөлс[8]
|
USD 8.5
|
USD 9.0
|
|
2
|
Түүхий эд (даавуу гэх мэт)-ийн
өртөг
|
Монгол дахь түүхий эдийн өртөг
хятадын өртөгөөс 10-15 хувь өндөр байдаг. Энэ нь тээвэрлэлтийн зардалтай холбоотой.
|
||
3
|
Тээвэрлэлтийн зардал,
тээвэрлэлтийн хугацаа
(Бэлэн бүтээгдэхүүнийг
захиалагчид хүргэх)
|
Газар зүйн байршлын улмаас
Монголд үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүнийг захиалагчид хүргэх зардал
хятадынхаас 10 гаруй хувь илүү, тээвэрлэлтийн хугацаа 7-10 хоногоор урт
байдаг.
|
||
4
|
Оёмол бүтээгдэхүүн, хувцасны
үйлдвэрлэлийг Засгийн газраас дэмжих бодлого
|
- Төрөл бүрийн татварын буцаан олголт, юаний ханшны
тогтоон барих бодлогын дүнд бусад улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс 50-75%
хямд үнээр экспортлодог
- Технологийн шинэчлэл хийж буй үйлдвэрүүдийг урамшуулж,
тоног төхөөрөмжийн импортын татварын хөнгөлөлт үзүүлдэг.
|
-
Гадаадын
хөрөнгө оруулалтыг урамшуулах зорилгоор технологийн зориулалттай тоног
төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлдөг.
|
|
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн 2004 оны 7 дугаар
сард АНУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол-АНУ-ын хооронд чөлөөт худалдааны
Гэрээ байгуулах эхний шатны тохиролцоог хийсэн нь манай улсын оёмол
бүтээгдэхүүний экспортын зах зээлийг хадгалах чиглэлд хийж буй томоохон алхам
болсон.
Харин манай улсын оёмол эдлэл, хувцасны 2 дахь том зах
зээл болох Европын холбооны хувьд шинээр хэлэлцэгдэж буй “Ерөнхий хөнгөлөлтийн
систем”-ийн хүрээнд Монгол улс “Хөгжлийн тусгай шалгуурыг хангаж буй улсуудад
үзүүлэх тарифын хөнгөлөлт”-д хамрагдах талаар яриа хэлэлцээ өрнүүлж, оёдол,
нэхмэлийн бүтээгдэхүүнээс гадна аль болох олон төрлийн бараанд “гаалийн
татваргүй статус” олж авахыг чармайх нь чухал юм.
Европын холбоонд гаргах экспортын хувьд манай улсад
таатай нөхцөл үүсч байна гэж үзэж болохоор байна. Учир нь нэг талаас, Хятадын
бүтээгдэхүүнүүд нэгэнт Европын зах зээл дээр нэгэнт өрсөлдөх чадвартай болсон
тул Европын холбоо хятадын оёмол бүтээгдэхүүн болон хувцаст олгодог Generalized
System of Preference (GSP) буюу Ерөнхий хөнгөлөлтийн системийг 2006 оноос эхлэн
зогсоож, улмаар 12 хувийн тариф ногдуулах болсон, нөгөө талаас хэрэв бид
Европын холбооны “Ерөнхий хөнгөлөлтийн систем”-ийн хүрээнд Монгол улс “Хөгжлийн
тусгай шалгуурыг хангаж буй улсуудад үзүүлэх тарифын хөнгөлөлт”-д буюу терроризмын
эсрэг дайнд оролцож буй гэсэн статустайгаар хамрагдаж чадвал бидэнд харьцангуй
давуу тал бий болох юм.
БНХАУ-ын Сянганы засаг захиргааны онцгой бүсэд 2005
оны 12 дугаар сарын 13-18-ны өдрүүдэд зохиогдох ДХБ-ын гишүүн орнуудын Сайд
нарын зөвлөлдөх 6 дугаар уулзалт (ДХБ-ыг
үүсгэн байгуулах тухай “Марракеш”-ийн гэрээнд зааснаар энэхүү Зөвлөлдөх уулзалт
нь хамгийн дээд шийдвэр гаргах байгууллага бөгөөд 2 жил тутамд 1-ээс доошгүй
удаа хуралддаг)-ын үеэр квотын системыг халснаар хөгжиж буй болон буурай хөгжилтэй
орнуудын гадаад худалдаа, эдийн засагт үзүүлэх үр дагаврыг дүгнэн хэлэлцэж,
цаашид авах арга хэмжээний талаар ярилцах болно.
Энэ
зөвлөлдөх уулзалтаас буурай болон хөгжиж буй орнуудын оёмол эдлэл, хувцасны экспортын талаар цаашид ямар арга хэмжээ авах
талаар гаргах шийдвэр манай улсын хувьд нэлээд чухал байх болно.
ТАНИЛЦСАН:
Л.АМАРСАНАА
(Элчин Сайд)
БОЛОВСРУУЛСАН: Б.БАТЖАРГАЛ
(Гуравдугаар
нарийн
бичгийн дарга)
Явуулах
нь:
l ГХЯ-ны Хөрш орнуудын
газарт
l Сангийн яам
l Үйлдвэр, худалдааны яам
l Монгол Банк
l Худалдаа, аж үйлдвэрийн
танхим
l Үлдэх
[1]
Хятадын Textile Infоrmation Weekly сэтгүүлийн 2004 оны 12
дугаар сарын дугаар
[3]
Agency France Press, Miyazaki “World’s workers brace
worst ahead of China’s sweep of textile trade”
[4] 2004 оны 1
дүгээр сарын 27-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр Хятадын Үндэсний
Оёдлын Үйлдвэрлэлийн Зөвлөл (China National Textile Council)-ийн ерөнхийлөгч Ду
Южоу-ийн хэлсэн үгнээс
Post a Comment